images

Жилийн орлого 40 мянган төгрөг, малын тоо толгой 400 гаруй болов


МАХН-ын Төв Хорооны гишүүн, ХААЯамны орлогч сайд асан Цогт-Очирын Лоохууз гуай хэлмэгдэн цөлөгдөж явсан тухайгаа ийн хуучилж байжээ.

Өмнөх дугаарыг энд дарж уншина уу

   “...Гоёлын эмээл хийхэд эмээлийн мод, мөнгөн тоног буюу “арван цагаан”, гөлөм гэсэн эд ангиуд хэрэгтэй байдаг юм. Эмээлийн модыг худалдаад авчихна. Мөнгөн тоногийг дархан хүнд захиалга өгч, бусдыг нь өөрөө хийдэг байв. Хүнээс авч байгаа зүйл болон захиалгаар хийлгэж байгаа зүйлд нэлээд мөнгө шаардана. Тэр дархан хүнээр хийлгэж байгаа зүйлүүдээ өөрөө хийдэг болчихвол их ашиг гарахаар харагдаад байгаа юм. Ингээд өөрөө дархны ажил сурахаар шийдлээ. Дархан хийж чаддаг нэг өвгөн сумын төвд амьдарч байсныг оллоо. Тэднийд очиход нөгөө өвгөн ганцаараа бүх юм хийдэг, тусах хүнгүй аж. Түүнтэй сайхан танил болоод би тусалдаг болов. Дархны ажлаас нь суралцаж авлаа. Мөн дархны ажил хийхэд хэрэглэдэг багажууд болон бусад зүйлсийг мэдэж аваад өөрөө хийж үзэхээр шийдлээ. Тэгээд өвгөний багажуудыг гуйж аваад хийгээд үзсэн чинь болох янз байна шүү. Бага багаар оролдсоор гайгүй сайн хийж сурав. Тэр өвгөний хийдэг арга бол цохиж хийх арга юм. Харин аймгийн төв дээр цутгаж хийх арга мэддэг нэг өвгөн байдаг гэнэ. Энэ арга нь бага хугацаанд их олныг хийж болдог арга л даа. Тэр хүнийг ногоон Дамба гэдэг байж. Ингээд түүнтэй уулзаж танилцаад шавь орж аргаас нь суралцлаа. Ийм маягаар бараг бүх зүйлээ өөрөө хийдэг болоод авав. Эмээлээс олох жилийн орлого 40 мянган төгрөг боллоо. Тэр үед ЗХУ-д үйлдвэрлэсэн “Волга” машин 30 мянган төгрөг байсан юм.

   Тэр үед манайд тээврийн жолооч нар их ирнэ. Би тэдэнтэй дотно сайхан найзалж, айраг, цагаан идээ, өвлийн идэш өгнө. Би мал маллаж байхдаа нэг л удаа тэмээгээр нүүсэн, бусад нь дандаа тээврийн жолооч нарын машинаар нүүдэг байсан юм. Тэр үед би хот орохоор бол аймгийн Дотоодыг хамгаалах газарт мэдэгдэж, зөвшөөрөл авдаг журамтай байв. Энэ зөвшөөрөл Дотоод яамаар дамжаад МАХН-ын Хянан шалгах хорооноос ирнэ. Би тэр журамд ерөөсөө захирагдаж байсангүй. Сардаа хэд хэдэн удаа хото орно. Хагас сайн өдөр нэг жолоочийн машинд суугаад нууцаар Улаанбаатар хот ороод бүтэн сайн өдөр нь барааны захаар явж ажлаа амжуулаад нэг дэх өдөр нь өөр нэг жолоочид дайгдаад буцаад ирнэ. Намайг хаашаа явсныг асуусан хүн ирвэл “Алдуул малд явсан” гээд хэлчихнэ. Жолооч нар миний нууцыг сайн хадгалж чаддаг байлаа. Гэхдээ тэр үед миний тухай байнга мэдээлдэг Дотоод яамны даалгавартай хүмүүс олон байлаа.

   Мал маллахад хамгийн их ажил хавраас намарт өрнөдөг юм. Малаа сааж сүү, цагаан идээгээ хийнэ. Ийм үед нь би Улаанбаатарт байдаг хамаатан садныхаа хүүхдүүдийг дуудаж ирүүлээд туслуулна. 7-8, заримдаа арван хүүхэд ирээд эмэгтэй нь мал сааж, эрэгтэй нь хонь мал хариулна. Намар нь цагаан идээ өгөөд нэг машинд суулгаж өгөөд явуулна даа. Тэр хүүхдүүд манайд ирснээр мал сааж, хонь хариулж, ажил хийж сурсан тухайгаа хожим надад ярьдаг байлаа. Нутгийн хүмүүс ч надад сайн ханддаг байлаа. Тэр үед нэгдлийн гишүүний амины малын тоог хангайн бүсэд 50 толгой, говийн бүсэнд 75 толгой байхаар тогтоосон байсан юм. Би нэгдлийн гишүүн биш учир энэ журам надад хамаарахгүй шүү дээ. Гэтэл бас л энэ журмыг дагах хэрэгтэй гэж шаарддаг байв. Манайх 400-500 толгой малтай боллоо. Тэгээд малаа өөр хүний нэр дээр тоолуулаад тэр хүнээрээ маллуулдаг болов.”

...Үргэлжлэл бий

Совдын Баатар. “Цогт-Очирын Лоохууз: Ойр гишгэж, хол харж явъя” номын 283-286 дугаар тал.