Гаити эмэгтэй гэмт этгээдүүдээс өшөөгөө авахаар хортой хоолоор дайлж хөнөөжээ
Анд нөхдийн мэдээ
2025-05-19
Гэмт бүлэглэлийн хүчирхийллийн улмаас гэр бүлээ алдсан гаити эмэгтэй гэмт этгээдүүдийг хортой хоолоор дайлж, 40 гаруй хүнийг хөнөөгөөд өөрийгөө цагдаад илчилжээ. Тус улсын “Kronio” сайтын мэдээлснээр, Гаитийн зүүн өмнөд нутгийн нэгэн тосгонд гудамжны худалдаа эрхэлдэг байсан эмэгтэй хийсэн хоолондоо хор шингээж гэмт бүлэглэлийн гишүүдийг дайлсан байна. Эмпанада нэртэй тус улсын уламжлалт хоол болох шарсан баншийг уг эмэгтэйн гараас авч идсэн этгээдүүдийн гэдэс хоромхон зуур өвдөж, эмнэлгийн тусламж авч амжилгүй нас баржээ. Эмэгтэй шавж устгах бодисыг бусад химийн бодистой хольж найруулан эмпанадад шингээгээд "Манай хотыг хамгаалж байгаа та бүхэнд баярлалаа" хэмээн гэмт бүлэглэлийнхэндхүргэж өгсөн байна. Хэрэг болж өнгөрсний дараа гэмт этгээдүүд уг эмэгтэйг сэжиглэн гэр орныг нь очиж шатаажээ. Харин бүсгүй үүнээс урьтан цагдаагийн хэлтэст очиж хамгаалалтад орсон байна. Тэрбээр гаднын ямар ч хүний оролцоогүйгээр ганцаараа, зориуд хийсэн үйлдэл гэж мэдүүлээд, ингэх болсон шалтгаанаа “Тэр нүгэлтнүүд миний гэр бүлийг үгүй хийсэн учраас өс хонзонгоо авсан” гэжээ. Цагдаагийнхан түүний гэмт хэрэг үйлдсэн сэдэл, хэрэг гарсан нөхцөл байдлыг шалгаж байна. НҮБ-ын мэдээлснээр өнгөрсөн онд тус улсад гэмт бүлэглэлийн хүчирхийллийн улмаас 5600 хүн амиа алджээ. Тэр дундаа нийслэл Порт-о-Пренс нь гэмт бүлэглэлийн нөлөөнд ихээхэн автсан, зарим бүлэглэл хотыг удаан хугацаанд хяналтандаа байлгаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.