images

Хойд солонгос эмэгтэй НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд үг хэлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-16


   Өчигдөр АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд болсон Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр дунд эргэм насны хойд солонгос эмэгтэй нулимс дуслуулан байж илтгэл тавьжээ. Хуралдаанд оролцсон 15 орны төлөөлөгчид түүний үгийг амьсгаа даран сонсож байв. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2019 онд баталсан 2474 дүгээр тогтоолын хэрэгжилтийг дүгнэх энэ хуралдаан дайны үеэр сураггүй алга болсон хүмүүсийн асуудлыг олон улсын хамтын нийгэмлэг олон улсын эрх зүй, хүмүүнлэгийн зарчмын дагуу шийдвэрлэх талаар хэлэлцсэн юм. Хуралдаанд Солонгосын дайны үеэр хулгайлагдсан хүмүүсийн ар гэрийн нийгэмлэгийн тэргүүн Ли Сон И үг хэлсэн нь энэ бөгөөд тэрбээр 1951 онд Пёньяны шоронгоос олдсон нэгэн хоригдлын хэвлэгдээгүй шүлгийг уншиж сонсгожээ.

   Түүнийг 18 сартай байхад 42 настай, хуульч мэргэжилтэй аав нь хулгайлагдсан байна. Хойд Солонгос улс хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй гэдгийг тэрбээр дурдаад “Энэ бол 100 мянга гаруй хохирогчтой хамгийн том гэмт хэрэг” гэжээ. Улмаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон олон улсын хамтын нийгэмлэгт хандан, хулгайлагдсан хүмүүсийн ар гэрийнхний өмнөөс тусламж хүссэн байна. Ингэхдээ “Хулгайлагдсан хүмүүсийн амьд эсэхийг баталгаажуулахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалж байна. Хэрэв үхсэн бол шарилыг нь буцааж өгөхийг шаардаж байна. Олон улсын эрүүгийн шүүхэд гомдол гаргах зэргээр Хойд Солонгост хариуцлага тооцох бодит арга хэмжээ авахыг мөн та бүхнээс хүсч байна” гэжээ. Энэ үеэр БНСУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Хван Жун Күк “Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үндсэн үүрэг хүлээсэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралд хохирогчид өөрийн биеэр оролцож, хүн хулгайлсан гэмт хэргийн асуудлыг шууд хөндөн тавьсан нь түүхэн чухал ач холбогдолтой” хэмээн хэлснийг "Yonhap" агентлаг уламжилсан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.