Хуучин Дарханы хуудуугүй мэргэн өвөө
Өнөөдрийн Хууч
2025-05-14
Тэгэхэд би Шарын голын нүүрсний ил уурхайд экскаваторын жолооч хийдэг байлаа. Тэр хонхорт яг долоон жил ажиллаад Орост сургуульд явсан юм. Миний өгүүлэн буй явдал 1972 оных. Ажил төрөл нэг л бүтэхгүй байлаа. Ээлжиндээ гарахад нэг бол экскаваторыг минь түрүүчийн ээлжийнхэн эвдчихээд буусан байх, нөгөөхийг арай гэж засаад жаахан ажиллаж байтал ээлж дуусчих нь энүүхэнд. Эсвэл дэлгүүрээс хувцас авах санаатай орос дэлгүүрийн үүд сахин царайчилж байж нэг юм орлоо гэхэд таарах юм олдохгүй. Дахиад орж чадахгүй тул тааралдсанаа авах жишээтэй. Авсан цалин яасан юм бүү мэд, нэг л мэдэхэд дуусчихна. Архи, тамхи хэрэглэдэггүй байтал авсан цалин юм болохгүй.
Нэг өдөр машиндаа урсгал засвар хийж байгаад Жамбал гуайд энэ талаар цухуйлгатал тэрбээр “Хуучин Дарханд манай зүгийн нэг мэргэн өвгөн бий. Дарханыхан “мэргэн өвгөн” гэдэг юм гэсэн. Би нэрийг нь ч мэдэхгүй. Хэрэг болж мэднэ гээд нэг хүнээр гэрийг нь заалгасан. Элватораас хойшоо нэг толгойн өвөрт байдаг гэсэн. Тэндхийнхэн анддаггүй юм гэнэ лээ. Чи даруйхан очвол зүгээр дээ. Наадах чинь нэг л учиртай. Тэр сүрхий номтой хүн гэсэн, аргалж өгөх байх” гэв.
Наадмаас хойхно ээлжийн амралтаа аваад дарханаар дайран нутаг руугаа явахаар боллоо. Нөгөө айлаа сурсаар яваад очтол шинэ Дархан руу айлын найранд явсан гэнэ. Тэгэхээр нь автобусаар тийшээ давхиж хүрээд эхний буудал дээр буутал энэ мөн байх гэмээр түнжин толгойтой, толгой нүцгэн, давжаа биетэй халамцуу байрын өвгөн хоёр залуувтар эмэгтэйгээр сугадуулан автобусанд орж байгаа харагдана. Би тэднийг дагаж нөгөө автобусандаа буцаж суугаад олны дундуур зүтгэсээр мань гурвын дэргэд хүрч очоод нэг эмэгтэйгээс нь шивнэсхийн “Энэ хүн нөгөө мэргэн өвөө мөн үү?” гэвэл ашгүй мөн болж таарлаа. Сэтгэл овоо уужран нэг сэхээ авахад усан хулгана болтлоо хөлөрсөн байлаа. Тэр өдрийн халуун, Дарханы элс хоёр жигтэйхэн шарна. Тэднийг дагасаар яваад өвгөнийд хүрэхэд хоёр эмэгтэй буцлаа. Нэг залуувтар эмэгтэй орж ирээд өвгөнтэй ганц хоёр үг хэлэлцсэнээ гараад явчихлаа. Харваас зээ юм уу ач охин нь бололтой. Өвгөн бид хоёулхнаа үлдсэн болохоор би асуулаа.
-Ах аа, миний ажил төрөл ерөөсөө бүтэхгүй юм гэтэл мань хүн өмнөөс шууд,
-Би архи уумаар байна, архи ... гээд болдоггүй. Тэгэхээр нь би,
-Би одоохон аваад ирье. Та байж байна биз дээ гэвэл “Би хаачих вэ дээ” гэсээр хоцорлоо.
Би гараад галт тэрэгний буудал руу харайчихлаа. Ахдаа өгөх санаатай орос дэлгүүрээс өөрийнх нь магтаад байдаг нэг лонх Московская водка авч явсан бөгөөд цүнх саваа тээшний хайрцагт хийж түгжчихээд санаа амар явсан минь тэр. Өвгөн ч түүний олоод харчихсан аятай “Архи уумаар байна” гээд байсан юм. Архиа аваад очтол өвгөн байж байна. ӨГсөн чинь “Онгойлго” гээд хоёр жүнз гаргаж тавилаа. Өвгөний жүнзэнд дүүргээд нөгөөд нь хийсэнгүй. Өвгөн надаас,
-Чи уудаггүй юм уу гэж байна.
-Би уудаггүй гэвэл өвгөн,
-Болж миний хүү. Энүүгээр юу хийнэ гэж байна. Дахиад нэг хийчих гэхээр нь хундагалж өгвөл хөнтөрч орхиод,
-Одоо боллоо, миний хүү. Чи юу асуух гэсэн юм гэж байна. Би бүх учир явдлаа хэллээ. Тэгтэл өвгөн “За миний хүү. Надад мэдэгдэлгүй нэг юм гартаа атга. Түүнийг чинь таавал чамд мэргэлж өгнө, таахгүй бол хэрэггүй” гэж байна. Дэмий л орчноо тойруулж харвал хуучирсан монгол ширдэг дээр нэг жаахан шүр хэвтэж байхаар нь аваад атгачихлаа. Мань хүн зоос гарган шившиж, зайлж байснаа алган дээрээ зөв эргүүлж зулаад хэлсэн нь: “Чи тавь эргэм насны цоохор алчуур юм уу, малгайтай нэг хүнд гэм хийсэн байна. Тэр чамд гурван жилийн хугацаатай хараал хийжээ. Гэвч тоо нь мөд дуусах гэж байгаа юм байна. Ондоо нэг юм байх шиг байна. Дахиад нэг үзье” гэснээ зоосоо эргүүлж байснаа “Тэгнэ ээ тэр. Хүний гараар дамжиж ирсэн, нэг улаан эрээн юманд боодолтой, цагаан цоохор юм байна” гэх нь тэр. Санаанд юу ч ордоггүй. “Жаахан явж байгаад ир. Санаанд чинь орж магадгүй” гэж байна. Гараад хуучин Дарханы дэлгүүр хэсэж явтал санаанд зурсхийгээд ороод ирдэг байгаа. Юу вэ гэвэл аравдугаар анги төгссөнийхөө зун бригадын хуралд эздээ дагаж ирсэн нохойнууд манай нэг үхсэн хонины сэг дээр овооролдон хэрэлдээд байхаар манайд байсан хүний буугаар голд нь чиглүүлээд буудаж орхитол нэг жижигхэн шар нохой гасалж, далаа хазлан байснаа дэрсэн дотор шургачаад ойчлоо. Би нэг их тоосонгүй. Дараа нь дуулбал авааль нөхөр нь мал тууж хот ороод сураг нь алдарсан, Чимэд гэж нэртэй, бараа болох үр хүүхэдгүй, тавь эргэм насны, цоохор алчууртай авгайн ганц хань болдог хотны нохойг нь би буудчихсан байжээ. Тэр амьтан надад ямар гай болсон биш, бас хөөрхий тэр эмэгтэй намайг гэж онилоогүй ч мөн их гасалж, харуусаа даа. Би бушуухан буцаж өвгөн дээр очоод болсон явдлаа хэлсэнд тэрбээр зоосоо дахин гүйлгэж үзээд, “Мөн байна. За тэр хараал ч яахав. Тэртэй тэргүй элж байгаа юм байна" гэв. Би багадаа их өвчин эргүүлдэг хүүхэд байсан бөгөөд манай гэрт “Нялхасын судар” гэх улаан баринтагтай судар байдаг байв. Өвгөн надад хандан “Чи тэр судраа нутгийнхаа өндөр уулын оройд үүр хаяарах үеэр ёс төртэйхэн залчих. Усанд үйх юм уу шатааваас их муу. Чамайг дараа буцаж ирэхэд чинь би болсон эсэхийг нь үзнэ” гээд хоцорч, би аяны жолоо залсаар нутагтаа ирж өвгөний хэлсэн ёсоор судраа Номгон хайрханыхаа оройд залсан юм.
Намар нь буцаад иртэл өвгөн ахыг Дарханы МАХН-ын хорооны тушаалаар тэндхийн цагдан сэргийлэхийнхэн Эг-Сэлэнгийн бэлчирт цөлчихсөн байж билээ. Цагийн хаш тийм байсан юм хойно яалтай билээ. Яг хаана буйг нь мэдэх хүн гараагүйгээр үл барам аль нутгийн, хэний хэн гэгч буянтан байсныг одоо хүртэл сурагласаар байна. Ховдын хүн гэсэн битүү сургаас хэтэрсэнгүй дээ.
Утгач овгийн Ц.Цэрэн-Очир. “Бууршгүй Монголын буянт мэргэд” номын 26-28 дүгээр тал.