Өмнөд Солонгосын KT&G компани Монголд 10 мянган мод тарина
Анд нөхдийн мэдээ
2025-05-13
Өмнөд Солонгосын тамхи үйлдвэрлэгч KT&G компани “Төсөөллийн ой” санаачилгынхаа хүрээнд Төв аймгийн Аргалант суманд Сибирийн хайлаас мод 10 мянгыг тарина гэдгээ даваа гарагт зарлалаа. Тус компанийн Халамжийн сангийн бүтцэд багтдаг Монголын хөдөө аж ахуйн боловсролын төв энэ ажлыг хариуцаж, мод тарих, арчлахад нутгийн хүмүүсийг уриалах, сургах, удаан хугацааны ойн менэжмэнт, хамтын ажиллагааг дэмжих ажлыг зохион байгуулах ажээ. KT&G компанийн Халамжийн сангийн албаны хүмүүс энэ талаар “Төсөөллийн ой нь Монголын экосистемийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд туслах зорилготой” гэв. Тус компани нь Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагатай тивийн ой хамгаалах ажлыг дэмжих харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд Казахстан, Индонезид ойн төсөл хэрэгжүүлж байна. 140 жилийн түүхтэй KT&G компани нь ESSE, Raison, THIS тэргүүтэй 10 гаруй брэндийг үйлдвэрлэдэг. Мөн Монголын тамхины зах зээлийн 50 илүү хувийг энэ оны эхний улиралд дангаараа эзэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд манай улс дахь борлуулалт нь эрчимтэй өсөж байгаа билээ. Сонирхуулахад, Өмнөд Солонгосын агаарын тээврийн "Korean Air" компани Багануур дүүрэгт 120 мянга гаруй мод тарьсан бол KT&G компани Улаанбаатар хотод мод тарьж байжээ.
Эх сурвалж: "Korea Herald" сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.