Америк профессор Дэн Сяопин, Ши Жиньпин нарын тухай ном бичжээ
Анд нөхдийн мэдээ
2024-11-06
Америкийн зохиолч, сэтгүүлч Питер Хэсслер Хятадын удирдагч Дэн Сяопин, Ши Жиньпин нарын тухай "Other rivers" нэртэй ном бичжээ. Сэтгүүлч мэргэжилтэй, Хятадын их сургуульд багшилж байсан зохиогч уг номдоо 1990-ээд он, 2020-иод оны Хятадын залуусын ялгаа, шинэчлэлийн үе болон өнөөгийн удирдагч Ши Жиньпиний үеийн залуусын үзэл бодлыг харьцуулан шинжилсэн байна. 1990-ээд онд Дэн Сяопиний шинэчлэл, нээлттэй бодлогыг мэдэрч өссөн залуучууд Дэн Сяопин шиг сорилт дунд амьдарч, хэдийгээр ядуу зүдүү, эрдэм боловсрол төдийлөн эзэмшээгүй ч ямар ч сорилтод хэрхэн уян хатан хандахаа мэддэг, сорилтыг даван туулж чаддаг бол 2020-иод оны Ши Жиньпиний засаглалын үед өсвөр насаа өнгөрөөсөн залуус өмнөх үеийнхээсээ илүү сайн боловсрол эзэмшсэн ч эрсдэл, сорилтоос ямагт зайлсхийдэг болохыг зохиогч анзаарчээ. Түүний бичсэнээр, Дэн Сяопин нэгэн үе Мао Зэдуныг залгамжлах хамгийн хүчтэй нэр дэвшигч гэж тооцогддог, намаа даруухан, шулуун шударга, ажил хэрэгч байдлаар удирдаж байсан ч Соёлын хувьсгалын үеэр хэд хэдэн удаа шийтгэл амсахаар үл барам албан тушаалаасаа буун нутаг заагдаж байв. Дэн Сяопины цорын ганц хүү улаан хамгаалагчдад хөөгдөж явахдаа өндөр барилгын цонхноос унаж бэртсэн байна. Гэвч Дэн энэ бүх бэрхшээлийг даван туулж эцэст нь дээд удирдагчийн албан тушаалд хүрч, Хятадын шинэчлэлийн бодлогыг удирдан чиглүүлсэн аж. Одоогийн БНХАУ-ын дарга Ши Жиньпин ч түүний нэгэн адил Соёлын хувьсгалын үеэр янз бүрийн сорилтыг туулжээ. Дэн Сяопины хамтран зүтгэгч байсан түүний эцэг Ши Жүншюн мөн цэвэрлэгээнд өртөж, Ши Жиньпин арван гурван настайдаа хувьсгалын эсэргүү гэгдэн буруутгагдаж, ээж нь улаан хамгаалагчдын шахалтаар хүүгээ буруутгаж, шүүмжилж байжээ. Ши Жиньпиний нэг эгч улаан хамгаалагчдын дарамтад өртөж амиа хорлосон байна. Ингэхээр тэд хоёулаа Соёлын хувьсгалын золиос болсон гэсэн үг. Харин энэ сорилт, бэрхшээлийг даван туулах арга замууд нь өөр өөр байжээ. Соёлын хувьсгалаар дамжуулан Дэн Сяопин нэг хүнд хэт их эрх мэдэл олгох нь ямар аюултай болохыг ойлгосон. Тиймээс засгийн эрхэнд гарсныхаа дараа тэрбээр орон нутгийн удирдагчдад Мао Зэдуны үед хэзээ ч эдэлж байгаагүй эрх мэдэл олгосон байна. Харин Ши Жиньпин Дэн Сяопиноос өөр замаар явжээ. Гудамжны жагсаал, зохион байгуулалттай бүлэглэлүүдээс зай барьж, эрх мэдлийг хуваалцах бус монопольчлох замаар аюулгүй байдлыг хангана гэж тэрбээр үздэг аж. Номын зохиогч түүнийг Дэн Сяопин, Мао Зэдун нар шиг ард түмэндээ ойрхон байх бус, зай барьж, хүнд суртлаар ард иргэдээ удирдаж байна гэж үзжээ. Товчхондоо түүнийг "системийн бурхан" хэмээн тодорхойлсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.