images

Хятад: "Parasite" киноны үйл явдал бодит амьдрал дээр тохиолджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-03


   Хятадын Жянсу мужид нэгэн эр долоон жилийн өмнө худалдаж авсан байшингийнх нь хонгилд хуучин эзэн нь нууцаар амьдарч байсныг мэдсэн тухай Хонконгийн “South China Morning Post” сонин мэдээлэв. Хотын төвийн уг байшинг Ли овогт 2018 онд 2 сая юаниар худалдаж авсан байна. Саяхан тэрбээр гэрээ янзалж байгаад байшингийн шатны ард нууц хаалга байгааг санамсаргүй олж мэджээ. Хаалгыг нээж үзтэл доошоо ордог хонгил байсан бөгөөд хүн амьдрахад хүрэлцэхүйц том, агааржуулалт, гэрэлтүүлэгтэй, түүгээр үл барам мини баар хүртэл байжээ. Улмаар уг хонгилд хүн амьдарч байсан ул мөр илэрсэн байна. Ли овогт энэ явдлыг цагдаад мэдэгдэж учрыг тодруулбал, байрны өмнөх эзэн Жан өнгөрсөн хугацаанд тэнд амьдарч байсан нь тогтоогдсон байна. Жан овогт байр худалдах гэрээнд гарын үсэг зурахдаа нууц хонгил байгааг санаатайгаар нуусан байв. Тэрбээр “Би байраа зарахдаа нууц хонгил байгааг хэлээгүй. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, худалдах гэрээнд ч оруулаагүй” гэж мэдүүлсэн байна. Байр хийгээд нууц хонгил руу түүний хэрхэн орж гарч байсан нь одоогоор тодорхойгүй бөгөөд түлхүүр тааруулж байсан, эсвэл автомашины зогсоолтой холбогдсон нууц хаалга байсан байх магадлалтай гэж “South China Morning Post” сонин бичжээ. Шүүхээс Ли овогтын талд шийдвэр гаргаж, байр худалдаж авсан төлбөрөө бүрэн барагдуулсан тул хонгил нь мөн түүний өмч болохыг баталгаажуулсан байна. Харин хүний орон байранд зөвшөөрөлгүй халдсан Жан овогтоос нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэжээ. Энэ талаар цахим хэрэглэгчид сэтгэгдлээ илэрхийлэхдээ Өмнөд Солонгосын найруулагч Бон Жүн Хогийн 2019 онд гарсан "Parasite" кинотой зүйрлэсэн байна. 

Нүүр зураг болсон үйл явдалтай холбоогүй бөгөөд "Parasite" киноны хэсгээс ашиглав.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.