Узбекистан улс шинэ нийслэлээ Төв Азийн Амстердам болгоно
Анд нөхдийн мэдээ
2025-01-16
Узбекистан улсын нийслэл Ташкент таван сая хүн амтай, энэ тоогоороо улсдаа төдийгүй Төв Азидаа томд ордог хот юм. Тус улсын ерөнхийлөгч Шавкат Мирзиёев 2017 онд эдийн засаг, нийгмийн шинэчлэлийн хөтөлбөр зарлаж ядуурлыг бууруулах, ДНБ-ээ өсгөх зэрэг бодлого хэрэгжүүлж буйн нэг нь хотжилтыг 60 хувьд хүргэх явдал ажээ. Энэ бодлогын дагуу одоогийн Ташкент хотын зүүн хилтэй залгуулан 20 мянган га газарт шинэ Ташкент хотыг байгуулах гэж байна. Шинэ нийслэлийн бүтээн байгуулалтын ажлын эхний үеийг Английн компани хэрэгжүүлэхээр болж зураг төслөө гаргасан бөгөөд Узбекистаны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх үйлдвэрлэл, аялал жуулчлалын хот болгохоор зорьж байгаа юм. Тус улсад нэхмэл, уул уурхай, суурь машин болон хоол үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбар хөгжсөнөөс гадна даавууны үйлдвэрлэлээрээ дэлхийд зургаад, алтны олборлолтоороо есөд орж байна. Гэвч ажилгүйдлийн түвшин зургаа, хотжилтын түвшин 50 хувь ажээ.
Шинэ Ташкент хотод 2045 он гэхэд 600 мянган хүн суух орон сууц, засаг захиргааны ордон, их сургууль, номын сан, музей байгуулахаар төлөвлөсөн байна. Узбекистан улс Торгоны замын түүхэн дурсгалт газруудаараа жуулчдыг ихээхэн татдаг ч аялал жуулчлалаа төрөлжүүлэхийн тулд орчин үеийн "шинэ" жуулчдыг татах зорилт тавьжээ. Иймд усан парк, ресорт барихад 250 сая доллар зарцуулах гэж байгаагаас гадна дэлхийд өндрөөрөө зургаад орох 675 метр "Tashkent Twin City Towers" барилга барих зураг төсөл гаргасан байна. Шинэ хотын төслийн эхний үе шат нь "Дүүрэг 1" бөгөөд тэнд “Торгон хот” буюу гар урлалыг дэмжиж нэхмэлч, үнэт эдлэл хийдэг хүмүүсийг төвлөрүүлэх, энтертэйнмэнт хаб, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулдаг газар, засаг захиргааны бүс байгуулах ажээ. Улмаар шинэ Ташкентыг 15 минутын хот болгох, эрчим хүч, усны асуудлыг шийдэх, олон ногоон байгууламж, хиймэл усан сувагтай болгох зорилготой бөгөөд алсын хараа нь “Төв Азийн Амстердам” гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.