АНУ: Чихэр, коктейль зэрэгт өнгө оруулагч “Red No.3” бодисыг хүнсэнд хэрэглэхийг хориглов
Анд нөхдийн мэдээ
2025-01-16
АНУ-ын Хүнс, эмийн бүтээгдэхүүн хянах газар (FDA) мэдэгдэл гаргаж, чихэр, үр тарианы коктейль зэрэгт өнгө оруулахад хэрэглэдэг “Red No.3” хиймэл будгийг хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэхийг хориглож байгаагаа зарлав. Учир нь лабораторид хийсэн туршилтын үр дүнд, уг будгийн найрлагад ордог пигмент нь хорт хавдар үүсгэх магадлалтай гэсэн дүгнэлт гарсан байна. АНУ-д худалдаалагддаг хүнсний бүтээгдэхүүнд өнгө оруулахдаа FDA-аас зөвшөөрөл авдаг журамтай бөгөөд одоогоор тус байгууллагаас зөвшөөрсөн 36 төрлийн өнгө оруулагч байгаагийн ес нь синтетик бодис ажээ. Мөн хоригийн дагуу хүнсний компаниуд 2027 оны нэгдүгээр сарын 15-ны дотор үйлдвэрлэлд “Red No.3”-ийг хэрэглэхээ зогсоох үүрэг хүлээсэн байна. Мөн эмийн үйлдвэрүүдэд 2028 оны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс өмнө дээрх журмыг бүрэн хэрэгжүүлж дуусах үүрэг өгчээ. Анх 1907 онд АНУ-д хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрсөн “Red No.3” будагч бохь, чихэр, үр тариа, гүзээлзгэнэтэй сүүн коктейль зэрэг ундаанд интоорын улаан өнгө оруулдаг бөгөөд уг бодисын хэрэглээний талаарх маргаан хэдэн арван жилийн турш үргэлжилж байна. 1990 онд FDA уг бүтээгдэхүүнийг уруулын будагт хэрэглэхийг хориглож байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.