Монголд байхдаа авьяасаа нээсэн индиан загвар өмсөгч АНУ-д нэрд гарч байна
Анд нөхдийн мэдээ
2025-01-08
АНУ-ын загвар өмсөгч, нийгмийн идэвхтэн, жүжигчин Куанна Чэйзинхорс бага насаа Монголд өнгөрүүлсэн тухайгаа өнгөрөгч оны 12 дугаар сард BBC телевизэд өгсөн ярилцлагадаа дурсжээ. Тэрбээр 2002 онд Аризона мужид төрсөн, уугуул индианчуудын Лакота омгийн хүн юм. К.Чэйзинхорс 2020 онд Нью-Йоркийн "IMG models" агентлагтай гэрээ байгуулсан бөгөөд Нью-Йоркийн загварын долоо хоног, “Met Gala” загварын наадамд оролцсоноос гадна "Vogue" сэтгүүлийн хэд хэдэн дугаарын нүүрэнд гарч уугуул америк төрхөөрөө алдаршсан төдийгүй 18 настайгаасаа хойш үндэстнийхээ төлөөх дуу хоолойгоороо олонд танигдсан нийгмийн зүтгэлтэн ажээ. Тэрбээр бага байхдаа ээж, ах нарынхаа хамт, Монголд Христийн номлол түгээж байсан өвөө, эмээ хоёроо зорин иржээ. Тухайн үед шөнө дөлөөр Улаанбаатарт ирээд олон нийтийн телевизээр загварын шоу гарч байхыг үзсэн бөгөөд чухам тэр үеэс загварын салбарт сэтгэл татагдсан гэнэ. Түүнээс хойш гэр бүлийн зураг авахуулах болгондоо загвар өмсөгч шиг зогсдог болсноо тэрбээр BBC телевизэд ярьжээ. Охиныг зургаан настай байхад тэднийх Монголоос нүүсэн байна. Ингэхдээ Транс-Сибирийн төмөр замаар Европ руу явж Италид амраад Аризонад нисч ирсэн бөгөөд улмаар уугуул нутаг Аляскадаа очиж суурьшжээ. Охин анх 2020 онд “Calvin Klein” брэндийн кампанит ажилд оролцсоноор загварын салбарынхны хараанд өртөж, агентлагуудаас санал хүлээн авах болов. Түүнд онгоцны тийз авах мөнгө байгаагүй тул нутгийнхан нь тусалж Нью-Йорк явуулсан гэнэ. Замдаа “Youtube”-ээс бичлэг үзэж явсан тухайгаа тэрбээр ярихдаа "Моделиуд яаж алхаж, хэрхэн нүүрээ буддагийг сурахын тулд би “Vogue” сэтгүүлийн моделиудын олон бичлэг үзсэн. Тэгэхэд Монголын телевизээр гарсан өнөө шоуг дахин дахин үзэж байх шиг санагддаг байлаа” гэсэн байна. Тэр цагаас хойш К.Чэйзинхорс “IMG Models” агентлагтай гэрээ байгуулж, удалгүй “Chanel” брэндийн кампанит ажилд орж, загвар зохион бүтээгч Прабал Гүрүнгийн хувцсыг өмсөн алхаж, “Gucci”, “Tommy Hilfiger” брэндийн загварын шоунд орж, “Net-a-Porter”, “Stella McCartney” брэндийн зар сурталчилгаанд тогложээ. Харин одоо тэрбээр Нью-Йоркийн “The Society” агентлагт харьяалагдаж байна. Өдгөө 22 настай К.Чэйзинхорс "Reservation Dogs" телевизийн цуврал кинонд тоглож, “Bad River” баримтат киноны зохиолыг хамтран бичиж, продюсерээр ажилласнаар барахгүй одоо Лос Анжелест суурин байж кино зохиол бичихэд төвлөрч байгаа аж. Тэрбээр 14 настайдаа уугуул омгийнхоо уламжлалт шивээсийг нүүрэндээ хийлгэсэн нь одоо ч хэвээрээ байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.