images

Сири улсын Төв банкийг анх удаа эмэгтэй хүн удирдана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-02


   Өнгөрсөн сард Башар аль-Асадын дэглэмийг унагаж засгийн эрхэнд гарсан Сирийн шилжилтийн засгийн газар эмэгтэйчүүдийг өндөр албан тушаалд томилж, шашин шүтлэг, үндэстний цөөнхийн үзэл бодолд хүндэтгэлтэй хандах зэрэг эерэг алхмууд хийж эхлээд байна. Суннитын Хаят Тахрир аль-Шам (HTS) бүлгийн тэргүүлсэн шилжилтийн засгийн газар өнгөрсөн сарын 30-ны өдөр Майса Сабрин хэмээх бүсгүйг Төв банкны ерөнхийлөгчөөр томилсноо мэдэгдэв. Асадын дэглэмийн үед Төв банкны дэд ерөнхийлөгч, Дамаскийн хөрөнгийн биржийн захирлаар ажиллаж байсан энэ бүсгүй Сири улсын Төв банкны 71 жилийн түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгч болж байна. Мөн өнгөрсөн сарын 20-ны өдөр эмэгтэйчүүдийн бодлого хариуцсан “Эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн агентлаг" байгуулж тэргүүнээр нь Айша Алдибс хэмээх эмэгтэйг томилжээ. Төв банкны ерөнхийлөгчийг томилохын өмнөх өдөр шилжилтийн засгийн газрын тэргүүн Абу Мухаммад аль-Жулани Саудын Арабын хэвлэлд өгсөн ярилцлагадаа барууныг дэмжигч “Сирийн ардчилсан хүчин” (SDF) байгууллагатай нэгдэх талаар яриа хэлэлцээ хийж байгаагаа хэлсэн байна. Өнгөрсөн сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Тони Блинкен Ойрхи Дорнодод хийсэн айлчлалынхаа үеэр Сирийн шилжилтийн засгийн газрын эрх мэдэлтнүүдтэй холбоо тогтоож, Сирийн нийт иргэдийн эрхийг хамгаалах, үүнд эмэгтэйчүүд болон үндэсний цөөнхүүд багтах ёстойг онцолсон бөгөөд түүнээс хойш шинэ засгийн газар эмэгтэйчүүд, цөөнхийн эрхийг дээдэлсэн алхмууд хийсээр байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна. Нэгэн цагт Ойрхи Дорнодын хамгийн орчин үеийн, нээлттэй орон гэгдэж байсан Сири улс Башар аль-Асад болон түүний эцгийн хагас зуун жилийн дарангуйлал (1971-2024), 600 гаруй мянган хүний ​​амийг авч одсон иргэний дайн (2011-2024) зэргээс болж “Дэлхийн хамгийн олон дүрвэгч үйлдвэрлэдэг улс" гэсэн таагүй нэр зүүх болсон юм. Харин сүүлд гарч ирсэн шилжилтийн засгийн газрын эерэг алхмууд итгэл найдвар төрүүлж байгааг хэвлэлүүд онцолж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.