images

Хятадын Жэнжоу хот сургууль дээр гар утас авчрахыг хориглов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-02


   Хятадын Хэнань мужийн Жэнжоу хотод бага, дунд, ахлах сургуульд гар утас хэрэглэхийг бүрэн хоригложээ. Өнгөрсөн сарын 27-ны өдөр хотын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооноос журам гаргаж 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр болсон байна. Дээрх журамд зааснаар сурагчид сургуульдаа гар утас авчрахыг бүрэн хоригложээ. Хэрэв сургууль дээрээ заавал гар утас хэрэглэх шаардлагатай бол эцэг эх, асран хамгаалагч бичгээр өргөдөл гаргаж холбогдох байгууллагын зөвшөөрөл авах аж. Харин сургууль болон оюутны хотхонд нийтийн хэрэглээний суурин утас суурилуулж, сурагчид шаардлагатай үед эцэг эхтэйгээ холбогдох боломжтой бөгөөд харин багш нар сурагчдад гар утас ашиглаж хийх даалгавар өгөхийг зогсоосон байна. Энэ журмыг хэрэгжүүлснээр сурагчдын сургалтын үр нөлөөг сайжруулж, өөрийгөө хянах чадварыг дээшлүүлнэ гэж хотын захиргаа мэдэгджээ. Тус улсын Боловсролын яам 2021 онд сургуулиудад гар утас хэрэглэхийг хязгаарлах удирдамж гаргаж байсан бөгөөд Жэнжоу хотын захиргаанаас гаргасан шийдвэр дээрх удирдамжийн хүрээнд гарсан болохыг онцолжээ. Өмнө нь Гуандун мужийн Гуанжоу хот бага, дунд, ахлах сургуулийн сурагчдын гар утасны хэрэглээг хязгаарлах журам гаргаж байсан. Гэхдээ энэ нь Жэнжоу хотынх шиг гар утас хэрэглэхийг бүрмөсөн хориглоогүй, тодорхой хүрээнд хязгаар тавьж байсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.