Хятад, Киргиз, Узбекистан улсууд төмөр замаар холбогдоно
Анд нөхдийн мэдээ
2024-12-31
Хятад болон Киргиз, Узбекистан гурван улсыг холбосон төмөр замын шав тавих ёслолын тухай Хятадын төрийн мэдлийн англи хэл дээр гардаг "Global Times" сонин мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар ёслол өнгөрсөн 27-ны өдөр Киргизийн хилийн Жалалабад хотод болж, тус улсын ерөнхийлөгч Садыр Жапаров болон бусад албаны хүмүүс оролцсон байна. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нар баярын цахилгаан илгээжээ. Энэхүү төмөр замын барилгын төсөл анх 1990-ээд оны эхээр яригдаж эхэлсэн бөгөөд 1997 онд гурван улсын хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, улмаар төлөвлөлт, хэлэлцүүлэг зэрэг үе шатуудыг дамжин хэрэгжих шатандаа орлоо. Төмөр зам БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Кашгараас эхэлж, Киргизийн нутгаар дайран, Узбекистаны зүүн бүсийн Андижан хотод хүрэх бөгөөд энэхүү бүтээн байгуулалт нь Хятадын засгийн газрын хэрэгжүүлж буй “Нэг бүс нэг зам” төслийн нэг хэсэг юм. Барилгын ажлыг ирэх оны долдугаар сард албан ёсоор эхлүүлж, зургаан жил үргэлжилнэ гэдгийг Хятадын төрийн өмчит “China State Railway” компани мэдэгдэв. Энэхүү төмөр зам баригдсанаар жилд 15 сая тонн ачаа тээвэрлэнэ гэж тооцоолжээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин баяр хүргэсэн захидалдаа, гурван улсын төмөр замын бүтээн байгуулалт нь бүс нутгийн харилцаа холбоо, хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг ахиулах стратегийн чухал алхам болохыг онцолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.