Орос, Украин олзны цэргүүдээ солилцов
Анд нөхдийн мэдээ
2024-12-31
Өчигдөр Орос болон Украин улс Арабын Нэгдсэн Эмират улсын зуучлалаар дайны олзлогдогсод солилцсон тухай “The Reuters” агентлаг мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар Орост олзлогдоод байсан Украины явган цэрэг, хилийн цэрэг, хоёр энгийн иргэн, нийт 189 хүнийг сулласан байна. Орост олзлогдон гурван жил орчим хоригдож байгаад шинэ оны өмнөхөн суллагдсан украины цэрэг Сергей таван настай хүүтэйгээ гар утсаар ярьжээ. Хүү нь “Та яг миний аав мөн үү?” гэж итгэж ядан асуусан байна. Учир нь тэрбээр гурван жилийн өмнө буюу хүүгээ дөнгөж хоёр настай байхад Мариуполь дахь гангийн үйлдвэрийг хамгаалан тулалдаж байгаад оросуудад олзлогджээ. Энэ өдөр Украин улс мөн Оросын 150 хоригдлыг буцаасан байна. Энэ өдрийг оролцуулаад Орос, Украины дайн эхэлснээс хойш хоёр улсын хооронд 59 дэх удаа олзлогдогсод солилцож байна. Одоогийн байдлаар Орост олзлогдоод байсан Украины 3956 цэрэг эх орондоо эргэж иржээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Бид хэнийг ч орхихгүй. Оросын олзонд байгаа бүх хүмүүсээ суллахаар ажиллаж байна" гэсэн байна. Оросын тал мөн энэ өдөр Украинаас суллагдсан олзны цэргүүдээ хүлээж авахаар бэлтгэж байгаа дүрс бичлэгийг “Telegram” дээр нийтэлжээ. ОХУ-ын Хүний эрхийн комиссын дарга Татьяна Москалькова “Удахгүй манай цэргүүд төрөл төрөгсөд, найз нөхөдтэйгээ уулзаж, шинэ оноо эх орондоо угтах болно” гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.