2024 онд дэлхий даяар өрнөсөн 10 содон үйл явдал
Анд нөхдийн мэдээ
2024-12-31
БНСУ-ын “Chosunilbo” агентлаг 2024 онд дэлхий даяар өрнөсөн 10 содон үйл явдлыг онцолсныг хүргэж байна.
Дональд Трампын ялалт
Өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулж Цагаан ордонд эргэж ирсэн. Тэрбээр ялалт байгуулах хүртлээ амаргүй зам туулсан юм. Долдугаар сард сонгуулийн кампанит ажлын үеэр буутай халдлагад өртөж, есдүгээр сард хоёр дахь удаагаа аллагын оролдлогоос амьд үлдэж чадсан юм. Мөн түүнийг яллагдагчаар татсан тангарагтны шүүх бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутай гэж үзсэн ч ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараа прокурорын зүгээс шүүх хурлыг зогсоох хүсэлт гаргажээ.
Хойд Солонгос Орос руу цэргээ илгээв
БНАСАУ болон ОХУ өнгөрсөн зургадугаар сард “Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ”-нд гарын үсэг зурж, харилцан цэргийн тусламж үзүүлэхээр тохиролцсоны дагуу өнгөрсөн аравдугаар сараас эхлэн Орос Украины дайнд Хойд Солонгосын цэргүүд тулалдаж эхэлсэн юм. Украины байлдааны дрон зэрэг дэвшилтэт зэвсгийн талаар мэдлэг муутай Хойд Солонгосын цэргүүд олноор амиа алдаж байгаа тухай мэдээлж байгаа ч хэрэв тэд энэ дайнаар орчин үеийн байлдааны туршлага хуримтлуулбал илүү их аюул учруулах магадлалтай гэсэн болгоомжлол улам бүр нэмэгдсээр байна.
Их Британи, Франц, Японы эрх баригч намууд ар араасаа ялагдал хүлээв
Их Британийн ерөнхий сайд асан Риши Сунакийн тэргүүлсэн эрх баригч нам Кейр Стармерын толгойлсон Хөдөлмөрийн намд ялагдаж эрх мэдлээ шилжүүлэв. Мөн Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны нам сонгуульд ялагдав. Япон улсад аравдугаар сард болсон бүх нийтийн сонгуулиар эрх баригч Либерал ардчилсан нам сүүлийн 15 жилд анх удаа ялагдал хүлээж цөөнх болжээ.
Тавь гаруй жил ноёрхсон Сирийн дарангуйлал төгсгөл болов
Өнгөрсөн аравдугаар сард Сири улсын Хафез, Башар аль-Ассадын 53 жилийн дарангуйлал нуран унав. Хаят Тахрир аль-Шам (HTS) зэвсэгт бүлэглэлээр удирдуулсан Сирийн босогчид томоохон довтолгоо хийж, засгийн газрын цэргүүдийг хөөн гаргажээ. Башар Ассад гэр бүлийн хамт Орос руу дүрвэсэн. Сирийн засгийн газрын армид дэмжлэг үзүүлж байсан Орос, Иран улс тусламжаа зогсоосноор засгийн газрын цэргүүд бүрэн ялагдал хүлээв.
Америкт зээлийн хүү бууруулав
АНУ-ын төв банк, Холбооны нөөцийн сан өнгөрсөн есдүгээр сард “big cut” бодлого хэрэгжүүлж үндсэн хүүгээ 0.5 нэгж хувиар бууруулав. Энэ бодлого тус улсад инфляци тогтворжихын хэрээр эдийн засгийн уналтын эсрэг дорвитой хариу арга хэмжээ авах хүсэл зоригоо харуулсан гэж үнэлэгдсэн юм. Үүний дараа Өмнөд Солонгос, Их Британи, Канад улсууд мөн үндсэн хүүгээ ээлж дараалан бууруулжээ.
Биткойны үнэ 100 мянган доллараас давав
Дэлхийн хамгийн том виртуал хөрөнгө болох биткойны үнэ өнгөрсөн арванхоёрдугаар сард анх удаа 100 мянган доллар давлаа. Өөрийгөө крипто валютын ерөнхийлөгч хэмээн зарлаж байсан Д.Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа биткойны үнэ огцом өсөв. Виртуал валютыг дэмжигч Илон Маск удахгүй байгуулагдах дараагийн засгийн газарт нөлөө бүхий хүн болох нь тодорхой болж байна.
Хиймэл оюун ухаан Нобелийн шагнал хүртэв
Хиймэл оюуны загалмайлсан эцэг гэж нэрлэгддэг Канадын Торонтогийн их сургуулийн профессор Жеффри Хинтон 2024 оны Физикийн салбарын Нобелийн шагналыг хүртжээ. Мөн уургийн бүтцийг урьдчилан таамаглах хиймэл оюун ухаан хөгжүүлсэн “Google DeepMind” компанийн гүйцэтгэх захирал Демис Хассабис химийн салбарын Нобелийн шагнал хүртлээ. Үүнээс үүдэн хиймэл оюун ухаан бидний өдөр тутмын амьдралд нөлөөлөөд зогсохгүй шинжлэх ухааны хувьсгалыг удирддаг эрин үе ирлээ гэж ярьж байна.
Израиль улс шийдвэртэй довтолгоо хийж Исламын зэвсэгт бүлэглэлийг нураав
Израиль улс Исламын зэвсэгт бүлэглэлд хүчтэй цохилт өглөө. Израилийн арми Ливан дахь Хезболла руу довтолж, удирдагч Хассан Насралла, Хашим Сафиеддин нарыг дараалан устгасан юм. ХАМАС бүлэглэлийн удирдагч Исмаил Хание болон түүний залгамжлагч Яхья Синвар нар мөн амь үрэгджээ. Израиль мөн тэднийг идэвхтэй дэмжиж ирсэн Иран руу томоохон хэмжээний агаарын цохилт өгсөн юм.
Хүн төрөлхтөн сарны ар талд хүрэв
Энэ жил хүн төрөлхтөн сансар судлалын чиглэлээр зүйл бүрийн ахиц дэвшил гаргасан он байв. Өнгөрсөн зургадугаар сард Хятад улс сарны "Chang’e 6" хөлгөөр анх удаа сарны ард талаас хөрсний дээж авсан юм. Мөн Өмнөд Солонгос улс өнгөрсөн тавдугаар сард Сансар судлалын төв байгуулж, дэлхийн сансрын таван том гүрний нэг болох эхлэл тавив.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.