images

Венесуэлийн Дээд шүүх “TikTok”-т 10 сая долларын торгууль ногдуулав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-31


   Венесуэл улсын Дээд шүүх Хятадын TikTok” платформыг залуучуудын дунд үхэлд хүргэх сорилтыг хөхүүлэн дэмжсэн гэж үзэн 10 сая долларын торгууль ногдуулав. Торгуулийн мөнгөөр “TikTok”-ийн хохирогч болсон хүмүүст туслах сан байгуулах ажээ. Тус улсад өсвөр насны хүүхдүүд уг платформ дээр байршуулсан осолтой сорилтуудыг даган дуурайж байгаад амиа алдсан хэд хэдэн хэрэг гарсны улмаас шүүх ийм шийдвэр гаргасан байна. Өнгөрсөн сард ерөнхийлөгч Николас Мадуро энэ талаар анхааруулан ёс бус контентоо устгахгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэж байсан аж. Хэрэв торгуулийн мөнгийг 8 хоногийн дотор төлөхгүй бол нэмэлт хориг арга хэмжээ авах төлөвтэй байна. Тус улсын хуулийн байгууллагын мэдээлснээр Венесуэлд "Хамгийн сүүлд үлдэнэ" нэртэй TikTok challenge өрнөж, хүмүүс будаг, шавьж устгах хор зэрэг зэрэг бодисыг хэр зэрэг удаан үнэрлэж чадаж байгаагаар өрсөлдөн, видео бичлэг хийж хуваалцдаг явдал залуусын дунд өрнөж, үүнээс болж 12-14 насны гурван хүүхэд амиа алдан, олон хүн хордож эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн үүнээс гадна өсвөр насны хүүхэд ёс бус challenge-д нэгдэж өөрийгөө шатаасан хэрэг хүртэл гарчээ. Ийм явдлаас болж “TikTok”-т торгууль ногдуулж байсан тохиолдол өмнө нь бас гарч байв. Тухайлбал өнгөрсөн гуравдугаар сард Итали улсад хүмүүс хацраа хөхөртөл чимхдэг “French scar” буюу “франц сорви” нэртэй challenge өрнөж, хүмүүс үүнд ихээр автах болсон тул хуулийн байгууллага тус платформыг 10 сая еврогоор торгох шийдвэр гаргаж байлаа. Мөн Европын холбооны Мэдээлэл хамгаалах комисс (DPC) өнгөрсөн есдүгээр сард хүүхдийн профайлыг олон нийтэд ил болгож, хувийн мэдээлэл задруулсан гэж үзэн “ТикТок” компанид 345 сая еврогийн торгууль ногдуулж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.