АНУ: Гэрээсээ төөрсөн нохой эргэж ирээд хаалганыхаа хонхыг даржээ
Анд нөхдийн мэдээ
2024-12-30
АНУ-д гэрээсээ төөрөөд долоо хоносон нохой Зул сарын баяраар гэртээ эргэн ирж хаалганыхаа хонхыг дарсан байна. “Associated Press” агентлагийн мэдээлснээр Флорида мужийн Грин Ков Спрингс хотын иргэн Брук Комерынх өнгөрсөн 15-ны өдөр Афин нэртэй, дөрвөн настай хаски үүлдрийн нохойгоо алджээ. Тэднийг гэр бүлээрээ сүмийн цуглаанд оролцож байх үед хөршөөс нь дуудлага ирж, Афин гэрээсээ гараад нэг тийш явж байгааг мэдэгдсэн аж. Тэд даруй гэртээ ирсэн боловч нохой байгаагүй тул зар тарааж эрэн хайгаад олсонгүй. Харин үүнээс долоо хоногийн дараа буюу Зул сарын баярын өмнөх өдөр сураггүй алга болсон Афин гэртээ хүрч ирсэн байна. Гэрийн эзэн 24-ний шөнө 02:30 цагийн орчимд хаалганы хонх дуугарахыг сонсоод ухаалаг утсаараа хаалганы камерыг хартал Афин нохой нь дээш үсрэн хонх дарж байжээ. Тэр даруй хаалгаа онгойлгоход нохой нь шуугин орж ирээд буйдан дээр унтаж байсан хүүгийн нүүрийг долоож, эзэндээ эрхлэн гэртээ эргэж ирсэн баяр хөөрөө хуваалцсан аж. Ноён Б.Комер нохойд нь санаа тавьж асууж сураглаж байсан нутгийн оршин суугчдадаа талархаж байгаагаа илэрхийлж, Афинаа дахин алдахгүйн тулд чип суулгах бодолтой байгаагаа хэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.