images

Өмнөд Солонгос Монголоос авсан баасны цохоо амжилттай нутагшуулж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-12-27


   Өмнөд Солонгос улс үндэсний хэмжээнд устах аюулд ойртсон зүйлүүдээ гадаадаас болон дотоодоосоо авч сэргээн нутагшуулж байгаа билээ. Тухайлбал, 2019 онд Сандерсийн цахлай, халиу зэрэг дөрвөн зүйлийн амьтныг сэргээн нутагшуулж, 17 зүйлийг байгальд тавьснаас хамгийн амжилттай үржиж байгаа нь шинжлэх ухааны нэршлээрээ баасч цох (Scarabaeus) буюу бидний хэлдгээр баасны хар ажээ. Баасч цох нь хөрсний үржил шимийг нэмэгдүүлж, экосистемийг цэвэрлэдэг тул байгалийн цэвэрлэгч гэдэг нэрийг авсан шавж юм. Гэвч энэ шавж хөдөө аж ахуйд хэрэглэдэг пестицид зэрэг устгах бодисын өндөр хэрэглээний улмаас 1970-аад онд Өмнөд Солонгост бүрмөсөн устжээ. Тиймээс тус улсын Байгаль орчин, үндэсний цогцолбор газрын яам 2017 онд 50 ийм цох худалдаж авах 50 сая воны тендер зарласан ч дотоодоосоо олж чадаагүй гэнэ. Иймд Устаж буй зүйлийн судалгааны төв Монголоос баасч цох худалдаж авчээ. Улмаар авсан цохныхоо 200-г өнгөрсөн оны есдүгээр сард Чунчоннам-до мужийн Тэань-гүн тойргийн далайн эргийн элсэнд тавьсан байна. Өмнөд Солонгосын хэвлэлд мэдээлснээр, өдгөө судалгааны төвд 400 орчим цох байгаа гэнэ. Шавж устгалын бодист хурдан үхдэг энэ зүйлийг сэргээн нутагшуулахын тулд тус төв юуны түрүүнд морин тойруулгуудаас хөгшин морьд авч тэжээж байгаа аж. Учир нь, баасны хар адуу зэрэг зарим малын ялгадсаар хооллохоос гадна ялгадсыг бөөрөнхийлөн үүрэндээ байршуулж өндгөө түүнд гаргадаг байна.  

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.