images

Франц: 400 зорчигчтой, жолоочгүй галт тэрэг 3 км яваад зогсчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-27


   Зул сарын баярын өмнөх өдөр Францад 400 орчим зорчигчтой, жолоочгүй галт тэрэг 3 км орчим давхиад автомат тоормосны ачаар зогссон байна. BFMTV телевизийн мэдээлснээр, Парис хотын Лион өртөөнөөс Сэнт-Этьен хотыг чиглэн хөдөлсөн хурдны галт тэрэгний жолооч цонхоор үсрэн амиа егүүтгэсэн байна. Ингээд 400 орчим зорчигч тээвэрлэсэн жолоочгүй галт тэрэг хэдэн километр давхисны хойно автомат систем ажиллан аюулгүй зогсчээ. Галт тэрэгний автомат төхөөрөмж нь жолооч хурд хасах, зогсоох дөрөөг ажиллуулахгүй бол 30 секунд тутамд дохиолол дуугарч, цаашид арга хэмжээ авахгүй бол автоматаар зогсоодог систем аж. Харин 300 км/цагийн хурдтай явж байсан уг галт тэрэгний  автомат тоормосны систем ном журмаараа зөв ажилласан нь осол болохоос сайтар сэргийлж чадсан байна. Францын Төмөр замын удирдах газраас мэдээлэхдээ “Жолооч цонхоор үсрэнгүүт ​​галт тэрэгний автоматаар зогсоох төхөөрөмж идэвхжиж, мөн Тээврийн аюулгүй байдлын төвд автоматаар, шуурхай дохио ирсэн” гэжээ. Энэ хэргийг прокурорын газраас мөрдөн шалгаж байгаа бөгөөд жолооч амиа хорлохоор ийм үйлдэл хийсэн болохыг тогтоож, галт тэрэг зогссон газраас 2 км-ийн зайнаас түүний цогцосыг олсон байна. Жолооч 52 настай, эрэгтэй, 1997 онд тус компанид ажилд орж, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан гэж хамт ажиллагсад нь ярьжээ. Энэ ослын улмаас 10 орчим галт тэрэг саатаж, 3000 гаруй зорчигч ажлаасаа хоцрох зэргээр хохирсон тул Парис хотын таксинуудыг дайчлан хүмүүст үйлчлэх, гурван цагаас илүү хугацаагаар саатсан зорчигчдын тийзний үнийг 100 хувь буцаан олгох зэрэг арга хэмжээ авсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.