Итали: 66 жил бариста хийсэн эмэгтэй 100 насны төрсөн өдрөө тэмдэглэв
Анд нөхдийн мэдээ
2024-12-26
Италийн хойд нутгийн Невиуно хэмээх жижиг тосгоны "Centrale" кафед хүмүүс олноор цугларч кафены эзэн, бариста Анна Посси хатагтайн 100 насны төрсөн өдрийг тэмдэглэсэн байна. Их Британийн “The Guardian” сонины мэдээлснээр, хатагтай А.Посси бол Италийн хамгийн ахмад бариста бөгөөд 100 насыг зооглох хүртлээ баристагаар ажиллаж орон нутгийн үйлчилгээний салбарт үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Засгийн газраас "Бүгд найрамдах улсын хүндэт иргэн" өргөмжлөл хүртээжээ. Тэрбээр 1958 онд нөхөртэйгээ анх уг кафег нээж, эспрессо, капучино зэрэг кофегоор зочдодоо үйлчлэх болсон байна. Харин 1974 онд нөхөр нь өөд болсон хэдий ч хоёр хүүхдээ өсгөхийн зэрэгцээ кафегаа ажиллуулсаар байв. Тэрбээр ням гараг болон бусад баяр ёслол, тэрчлэн улс даяар амардаг Зул сарын баяраар ч амарч байгаагүй гэнэ. Ийнхүү 60 гаруй жил өнгөрөхөд хатагтай, кафе хоёр төрөлх нутгийнхаа өнгөрсөн түүх, ховор дурсамжийг агуулсан хамгийн үнэ цэнтэй газар болжээ. Өнөөдөр зөвхөн А.Посситой уулзах гэж алс холоос хүмүүс зорин ирдэг бөгөөд нутгийнхан түүнийг “Эелдэг, найрсаг зангийнхаа ачаар урт насалсан хатагтай” хэмээн ярилцдаг гэнэ. Харин тэрбээр залуу үеийнхэнд хандаж "Дуртай ажлаа л хий. Өөр юмны хэрэггүй" хэмээн зөвлөөд "Чадал минь хүрч л байвал баристагаа хийсээр байх болно” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.