АНУ: Төрсөн ах дүү нараа 75 настайдаа олж уулзсан эрийн түүх
Анд нөхдийн мэдээ
2024-12-26
АНУ-ын Хойд Каролина мужийн иргэн Диксон Хандшоу 75 жилийн дараа төрсөн ах, дүү нартайгаа уулзсан тухай CNN мэдээлэв. Төрөөд гурван сартайдаа үрчлэгдсэн тэрбээр өдийг хүртэл өөрийгөө айлын ганц хүүхэд гэж боддог байсан бөгөөд төрсөн ах дүү нараа олж уулзсан азтай явдлаа энэ жилийн Зул сарын баярын бэлэг гэжээ. 1949 онд Нью-Йоркийн Баффало хотод төрсөн түүнийг гурван сартайд нь өөр айлд өргүүлсэн бөгөөд өргөж авсан эцэг эх нь насанд хүрсэн хойно нь түүнд энэ тухай үнэнийг хэлсэн байна. Тэрбээр өргөмөл гэдгээ мэдээд төрсөн эцэг эхээ олж уулзах гэж хэдэнтээ оролдсон ч мужийн хуулийн дагуу үрчлэгдэхээс өмнөх төрсний гэрчилгээний лавлагаа авах боломжгүй байжээ. Харин 2019 онд уг хуульд нэмэлт өөрчлөлт орсны хойно төрсний гэрчилгээнийхээ лавлагааг авч төрсөн эцгийнхээ овог нэрийг олж мэдсэн байна. Улмаар аавынхаа нэрийг “Google”-ээс хайж үзтэл тийм нэртэй хүний өөд болсон тухай эмгэнэлийн бичиг гэрэл зургийн хамт гарч ирсэн бөгөөд зураг өөртэй нь адилхан байсанд сэтгэл нь ихэд хөдөлжээ. Цааш судалж үзсээр төрсөн аав нь Корнеллийн их сургуульд физикийн чиглэлээр суралцаж байсан төгсөх ангийн оюутан, ээж нь тэнхимийн бичиг хэргийн ажилтан байсан, удалгүй тэд салж, эцэг нь өөр эмэгтэйтэй гэр бүл болоод нэг охин, гурван хүүтэй болсныг олж мэдсэн байна. Ингээд эцэг нэгтэй дүү Гари Ромигтой холбоо тогтоож учир зорилгоо мэдэгдэн гэрэл зургаа илгээжээ. Г.Ромигийн ах дүү нар түүний зургийг харангуут шууд “Аав!” хэмээн дуу алдсан гэнэ. Төрсөн ах дүү нар өнгөрсөн 24-ний өдөр уулзсан бөгөөд ирэх зун хамтдаа аялахаар тохиролцсон байна. Д.Хандшоу "Өргөж авсан аав ээж минь намайг маш их хайрладаг, би ч тэр хоёртоо их хайртай байлаа. Гэхдээ ах дүү нартай болохыг насаараа хүссэн. Хүсэл минь биелсэнд үнэхээр баяртай байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.