images

2024 онд дэлхий дахины анхааралд орсон 5 идээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-25


БНСУ-ын “Chosun Ilbo” агентлаг 2024 онд дэлхий дахины анхааралд өртөж, олны талархал хийгээд шүүмжлэл дагуулсан таван янзын хоолыг онцолсон байна.

1. Алексей Навальныйн үдийн зоог

   Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный шоронд сууж байхдаа Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн савтай бэлэн гоймон иддэг байснаа онцлон дурдсан юм. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард ярихдаа "Шоронд хоолны цаг хязгаартай тул би ганц аяга бэлэн гоймон ч тухтай идэж чадахгүй байна” гэсэн билээ. Үүнээс хойш Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн “Dosirak Cup Ramen” нэртэй бэлэн гоймон Орост ихэд алдаршсан байна. Ерөнхийлөгч Владимир Путины улс төрийн өрсөлдөгч А.Навальный удалгүй шоронд учир битүүлгээр өөд болсон юм.

2. Хонконг, Италийн хан боргоцойтой пицца

   Өнгөрсөн долоодугаар сард Парисын Олимпын туялзуур сэлэмний шигшээ тоглолт Хонконг, Италийн багийн хооронд болох үед хонконгчууд хан боргоцойтой пиццаны зургийг олон нийтийн сүлжээнд олноор нийтэлж байв. Шүүгчийн шийдвэрээр ялагдсан Итали улс “Хонконг бидний алтан медалийг хулгайллаа” хэмээн эсэргүүцэхэд Хонконгийн цахим хэрэглэгчид хан боргоцойтой пиццаны зураг нийтэлж "Ийм муухай хоолыг италичууд л хийж иддэг” хэмээн шоолсон юм. Улмаар Хонконг, Макао дахь “Pizza Hut” үүн дээр давс нэмж "Бид хан боргоцойтой пицца хийх арга хэмжээг үнэ төлбөргүй зохион байгуулна" гэсэн нь олны анхаарал татаж байв.

3. Д.Трампын гамбургер, шарсан төмс

   АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа Дональд Трамп Пенсильвани дахь "Макдоналдс"-ын нэг салбарт ажилласан нь олны талархал хүлээсэн юм. Мөн сонгуульд ялсныхаа дараа Илон Масктай хамт онгоцонд гамбургер, шарсан төмс идэж буй зургаа олон нийтэд дэлгэсний дараа нэг хэсэг уг хоолны борлуулалт эрс өсчээ.

4. Ишиба Шигэрүгийн хооллох соёл

   Өнгөрсөн арваннэгдүгээр сард Японы ерөнхий сайд Ишиба Шигэрү цагаан будааны ороомгийг ихэд эв хавгүй идэж буй төрх гэрэл зурагчны дуранд өртөж хэл амны бай болсон. Тухайн үед ерөнхий сайд амаараа дүүрэн будаа чихэн зажилж буй бичлэг цахим ертөнцөд тарж, хүмүүс түүнийг соёлгүй, заваан хооллодог гэж шүүмжилсэн юм. Мөн тэрбээр тангараг өргөх ёслолынхоо өмнөхөн хоолны үеэр савхаа хоёр гартаа ээлжлэн барьж байсныг харсан япончууд мөн л түүнийг савх хэрэглэж чаддаггүйг нь гайхан шүүмжилж байв.

5. Израиль дарс дайны хөлд нэрвэгджээ

   Хэрэглэгчдийн таашаал хүртдэг израиль дарс сүүлийн үед ховор бараа болжээ. Учир нь дарсны үйлдвэрүүд төвлөрсөн Израилийн хойд нутагт "Хезболла" зэвсэгт бүлэглэлийн халдлагад өртсөнөөс болж дарсны үйлдвэрлэл бараг зогссон байна. Халдлагын улмаас усан үзмийн талбайнууд шатаж, ажиллах хүч олоход хэцүү болсон тул хэсэг хугацаанд израиль дарс олдохгүй байх магадлалтай байна.

Эх сурвалж: Chosun.com

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.