images

Өмнөд Солонгос: Робот замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл ямар арга хэмжээ авах вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-24


   БНСУ-ын Инчон хотод хүргэлтийн робот замын гэрлэн дохио зөрчин явган хүний гарцаар гарч яваад машинд мөргүүлжээ. Үүдээс үүдэн хохирол барагдуулах асуудал үүсэхэд "Энэ робот бол зүгээр нэг машин биш, харин явган зорчигч тул жолооч буруутай" гэсэн дүгнэлт гарсан байна. Тус улсын Замын хөдөлгөөний тухай хуульд зааснаар, явган зорчигч гэрлэн дохио зөрчсөний улмаас осол гаргасан бол анхаарал болгоомжгүй явсан гэж үзэн тээврийн хэрэгслийн жолоочид хариуцлага ногдуулдаг аж. Дээрх робот явган зорчигчийн ангилалд орох гэрчилгээ авсан байжээ. Энэ явдлаас үүдэн роботуудын хууль ёсны эрхийн тухай асуудал сөхөгдөж байна. 2017 онд Европын парламент "Электрон хүн" гэсэн шинэ үзэл баримтлал гаргаж, роботуудад эрх зүйн статус олгосон "Роботын иргэний эрхийн дүрэм" гэх тогтоолыг баталсан. Энэ нь Европын орнуудын дагаж мөрдөх ёстой хууль биш, харин дотооддоо хууль тогтоомж боловсруулахдаа харгалзан үзэх зорилгоор гаргасан зөвлөмж байсан боловч маргаан дэгдээсээр өдий хүрсэн юм. Европын орнуудын роботын мэргэжилтнүүд, хуульчид, бизнес эрхлэгчид роботууд бие даасан байдал, сэтгэл хөдлөлгүй учраас тэдэнд хууль ёсны эрх олгох боломжгүй гэж үзэн дээрх үзэл баримтлалыг эсэргүүцсээр байна.

   Өмнөд Солонгост өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас “Ухаалаг роботын тухай" хууль хэрэгжиж эхэлснээр хүргэлт, эргүүл, цэвэрлэгээ зэрэг үйлчилгээ эрхэлдэг роботууд аюулгүй ажиллагааны гэрчилгээ авсан тохиолдолд явган зорчигчийн эрх эдлэхээр болсон юм. Энэ хуулийг батлахдаа роботыг хамгаалах зорилго агуулаагүй, роботууд явган зорчигчтой адил замын хөдөлгөөний дүрмийг дагаж мөрдөх ёстой, үүнийг зөрчвөл бас торгууль ногдуулна гэсэн агуулгатай хэмээн олон хүн тайлбарлаж байна. Нөгөө талаар, робот осол гаргасан тохиолдолд тухайн “электрон хүн” нь эрх зүйн статусгүй бол хохирогч нөхөн төлбөр авахад хүндрэл үүсэх учраас энэ заалтыг бий болгосон ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.