Жүжигчин Чой Юн Фат гэрэл зургийн үзэсгэлэн гаргав
Анд нөхдийн мэдээ
2024-12-23
Хонконгийн алдартай жүжигчин Чой Юн Фат гэрэл зургийн үзэсгэлэнд оролцож байгаа тухай “South China Morning Post” сонин мэдээлэв. Хонконгийн “Harbor City” худалдааны төвөөс зохион байгуулсан "Хонконгийн өглөө" нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнд тэрбээр өөрийн авсан 30 орчим гэрэл зургийг дэлгэн үзүүлсэн бөгөөд өнгөрсөн жилээс өглөө бүр биеийн тамирын дасгал, хөдөлгөөн хийж явахдаа гэрэл зураг авдаг болсон тухайгаа өгүүлсэн байна. Мөн тэрбээр зураг авахдаа хуучны хальстай камер ашигладаг болохоо хэлж, f2.8 линз нь хөрөг зураг, f3.5 линз нь ландшафтын зурагт зориулагдсан болохыг тайлбарлав. Тавин жилийн турш 100 орчим кинонд дүр бүтээсэн тэрбээр "Гэрэл зураг миний амьдралын бас нэг чухал хэсэг болсон. Би гэрэл зурагчин болсондоо үнэхээр баяртай байна" гэжээ. Ирэх оны нэгдүгээр сарын 2-нд өндөрлөх энэ үзэсгэлэнгийн борлуулалтаас олсон бүх орлогыг буяны үйлсэд зориулна гэдгээ зохион байгуулагчид нь мэдээлсэн байна. 2018 онд олон тэрбум юанийн хөрөнгөө буяны үйлсэд хандивлахаар төлөвлөж байгаагаа зарласан Чой Юн Фат өнгөрсөн оны тавдугаар сард Пусаны олон улсын кино наадамд оролцох үеэрээ хэвлэлийн бага хурал дээр “Би энэ хорвоод нүцгэн ирсэн. Буцахдаа мөн нүцгэн буцна. Өдөрт хоёр аяга хоол идэхэд л хангалттай" хэмээн ярьсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.