10 жилийн өмнө сураггүй алга болсон Малайзын онгоцыг дахин хайна
Анд нөхдийн мэдээ
2024-12-23
Малайз улс 10 жилийн өмнө сураггүй алга болсон агаарын тээврийн MH370 онгоцыг дахин хайхаар болжээ. “The Reuters” агентлагийн мэдээлснээр, Малайзын Засгийн газар Америкийн далай тэнгисийн хайгуулын “Ocean Infinity” компанитай хамтран MH370 нислэгийн дугаартай "Боинг 777" онгоцыг дахин хайхаар болсон байна. Тус улсын Тээврийн сайд хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Шинэ хайлтын бүс нь шинжээч, судлаачдын хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, өгөгдөлд үндэслэсэн" гээд “Бид талийгаачийн ар гэрийнхний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлнэ” гэсэн байна. “Ocean Infinity” компани баруун Австралийн эрэг орчмын 15 мянган хавтгай дөрвөлжин километр газарт 18 сарын турш хайгуул хийхээр болсон бөгөөд сураггүй алга болсон онгоцыг олсон тохиолдолд 70 сая долларын шагнал авах юм. Болсон явдлын талаар өгүүлэхэд, 2014 оны гуравдугаар сарын 8-ны өдөр 227 зорчигч, 12 багийн гишүүн, нийт 239 хүнтэй MH370 нислэгийн онгоц Малайзын Куала Лумпураас БНХАУ-ын Бээжин хотыг чиглэн явж байгаад гэнэт Энэтхэгийн далай руу эргэж, сураггүй болсон юм. Онгоц хөөрөөд 40 орчим минутын дараа холбоо тасарсан бөгөөд хөлгийн бүхээгт 14 орны зорчигч, түүний дотор Хятадын 154 иргэн байжээ. Ингээд Малайз улс Хятад, Австралитай хамтран Энэтхэгийн далайн 120 мянган хавтгай дөрвөлжин километр талбайд эрэн хайх ажиллагааг гурван жилийн хугацаанд хийсэн ч боловч ямар ч үр дүнд хүрээгүй юм. Сураггүй болсон хүмүүсийн ар гэрийнхэн дахин эрэн хайх тухай мэдээг баяртайгаар хүлээн авчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.