images

Энэтхэг: Насанд хүрээгүй хүүхдийн гэрлэлтийн эсрэг кампанит ажил өрнүүлж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-23


   Энэтхэгийн хууль, хүчний байгууллага насанд хүрээгүй хүүхдийн гэрлэлтийг таслан зогсоох кампанит ажил явуулж, энэ хэрэгт буруутай гэж үзсэн 5000 орчим хүнийг баривчилсан тухай “Hindustan Times” сонин мэдээлэв. Тус улсын хуулиар иргэд 18 нас хүрч байж л гэрлэж болдог боловч хөдөө орон нутгийн амьдрал ядуу эцэг эхчүүд санхүүгийн сонирхлоор насанд хүрээгүй хүүхдээ гэрлүүлэх явдал сүүлийн үед ихээр гарах болжээ. Тиймээс Засгийн газар хүүхдийн хууль бус гэрлэлтийг таслан зогсооход онцгойлон анхаарч буй аж. 2017 онд тус улсын Дээд шүүх насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн хавьталд орох нь хүчингийн хэрэг гэж үзэхээр шийдвэрлэсэн. Эдгээр хүчин чармайлтын ачаар Энэтхэгт насанд хүрээгүй байхдаа гэрлэсэн эмэгтэйчүүдийн эзлэх хувь 2005-2006 онд 47 байсан бол, 2019-2021 онд 23.3 болж буурсан байна. Нөгөө талаар хүүхдийн гэрлэлт зөвхөн Энэтхэгийн асуудал биш юм. НҮБ-ын Хүүхдийн сангаас өнгөрсөн онд гаргасан тайланд дурдсанаар, Энэтхэг, Афганистан, Бангладеш, Пакистан зэрэг Өмнөд Азийн орнуудад насанд хүрээгүй байхдаа гэрлэсэн хүмүүсийн тоо 290 саяд хүрсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.