2024 оны онцлох этгээд хувцаслалт юу байв?
Анд нөхдийн мэдээ
2024-12-23
2024 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль, Парисын зуны Олимп, Украин болон Ойрхи Дорнодын дайн зэрэг дэлхий нийтийн анхаарал дунд өрнөсөн үйл явдлуудаас гадна олны сонирхол татсан, бас инээдтэй, этгээд гэмээр хувцаслалтын талаар “The Chosun Ilbo” агентлаг онцолжээ.
Илон Маскийн этгээд хувцаслалт
Өнгөрсөн аравдугаар сард “Тесла” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск Пенсильвани мужийн Батлер хотод Д.Трампын сонгуулийн сурталчилгааны тайзан дээр гарч үг хэлсэн юм. Энэ үед түүний өмссөн хүрэмний доторх футболк "Occupy Mars" гэсэн бичигтэй байсан бөгөөд тэрбээр дээш үсэрч дэвхцэх тоолонд гэдэс нь ил гарч байсан нь этгээд, инээдтэй байдлаараа олны анхаарал татсан байна.
Тэйлор Свифтийн эрээн хувцас
Америкийн поп од Тэйлор Свифт өнгөрсөн оны 3-р сараас эхлэн дэлхийг тойрон аялан тоглолтоо хийж, энэхүү тоглолтоороо 2 тэрбум долларын тасалбарын борлуулсан байдаг. Энэ нь поп урлагийн түүхэнд тогтоосон дээд амжилт юм. Тоглолт бүр дээрээ өмсөж байсан гялтганасан хээнцэр хувцас нь түүний хүчирхэг харизмыг бэлгэдсэн загвар болжээ.
Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрүгийн гангараа
Өнгөрсөн аравдугаар сард Японы ерөнхий сайд Ишиба Шигэрү тангараг өргөх ёслол дээрээ хар өнгийн хослол өмссөн байсан бөгөөд харин түүний хүйс нь ил гарч өмднийх нь дээгүүр ил харагдаж байсан нь гэрэл зурагт буужээ. Удалгүй тэрхүү гэрэл зурагт Photoshop засвар хийж ерөнхий сайдын ил гарсан хүйсийг далдалсан байв.
Жүжигчин Кейт Бланшетт Палестиний төрийн далбаагаар хувцаслав
Жүжигчин Кейт Бланшетт өнгөрсөн тавдугаар сард Францад болсон Каннын кино наадмын ёслолд оролцохдоо хар, цагаан, ногоон өнгийн даашинзаар гоёжээ. Энэ нь улаан хивстэй хослон Палестиний төрийн далбааг санагдуулам байсан бөгөөд жүжигчин бүсгүй Израилийн довтолгооны улмаас Газын зурваст энгийн иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирч буйд хүмүүсийн анхаарлыг хандуулах зорилгоор ийм үйлдэл хийжээ.
Луижи Мангионегийн юүдэнтэй цамц
Энэ сарын 4-ний өдөр Америкийн томоохон даатгалын компанийн захиралыг буудаж амь насыг нь бүрэлгэсэн Луижи Мангионе хэмээх этгээдийн дүр төрхийг хяналтын камераас буулгаж олон нийтэд ил болгосон. Үүний дараа хүмүүс түүний өмссөн саарал өнгийн юүдэнтэй цамцыг ихэд онцгойлох болсон байна. Гэмт хэрэгтэн хүмүүсийн анхааралд ийн өртөх болсны шалтгааныг Америкийн нийгэм даатгалын компаниудад сэтгэл дундуур байдгийн илрэл гэж тайлбарлаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.