images

Өмнөд Солонгос: Нэр нь үл мэдэгдэх буянтны ядууст хандивласан мөнгө 1.4 тэрбум вон болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-20


   Өмнөд Солонгос улсад 2000 оноос хойш жил бүрийн сүүлээр амьдралын боломж муутай хүмүүст мөнгөн хандив өргөдөг нэр нь үл мэдэгдэх буянтан энэ жил ээлжит хандиваа илгээжээ. Тус улсын Чонбук аймгийн Чонжү хотын Халамжийн төвд өнөө өглөөний 9:26 цагт утасны дуудлага ирсэн байна. Утсыг авахад нэрээ нууцалсан хүн Халамжийн төвийн ойролцоох нууц газарт багахан мөнгө үлдээснээ дуулгаад, тэрхүү мөнгийг амьдрал ядруу өндөр настан, хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулахыг хүссэн байна. Утсаар ярьсан ажилтны хэлснээр, тэрбээр 40, 50 орчим насны эрэгтэй хүн байсан гэх бөгөөд энэ хүн уг төвд 25 дахь жилдээ хандив өргөж байгаа нь энэ аж. Халамжийн төвийн ажилтнууд түүний хэлсний дагуу очиж хайрцагтай мөнгө, мөнгөний гахайг зурвасын хамт авсан бөгөөд зурваст “Эрэгтэй, эмэгтэй өрхийн тэргүүн та бүхэн хуучин оноо сайхан үдэж, шинэ оноо сайхан угтаарай” гэж бичсэн байв. Хайрцагт  80,3 сая вон байсан бөгөөд тэр хүний өнөөг хүртэл өргөсөн хандивын хэмжээ 1 тэрбум, 44 сая, 836 мянган вон болсон байна. 2019 онд тус Халамжийн төвийн дэргэд түүний үлдээсэн 60 сая вон хулгайд алдагдсан хэрэг гарсан хэдий ч буянтан сайн үйлсээ үргэлжлүүлсээр иржээ. Халамжийн төвийнхөн түүний хүссэний дагуу уг мөнгийг тухайн дүүрэгт амьдардаг өнчин хүүхэд, ганцаараа амьдардаг өндөр настнуудад зориулахаар төлөвлөж байна. Нэр нь үл мэдэгдэх тэр хүн анх 2000 оны дөрөвдүгээр сард 584 мянган вон үлдээж, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст зориулахыг хүссэн бөгөөд түүний үйлс жил бүр үргэлжилж, мөнгөний хэмжээ хэдэн саяас хэдэн арван сая хүртлээ нэмэгджээ. Дүүргийн оршин суугчид түүнийг хэдийнэ мэдэх болсон бөгөөд харин зүс царайг нь огт харж байгаагүй болохоор “Нэр нь үл мэдэгдэх сахиусан тэнгэр” хэмээн нэрлэх болсон тухай тус улсын “Yonhap news” агентлаг мэдээлэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.