Украины тагнуулын алба солонгос цэргүүдийн тухай орос сувилагчийн утасны яриаг чагнажээ
Анд нөхдийн мэдээ
2024-12-20
Украины Үндэсний тагнуулын албаныхан ОХУ-ын Москва хотын нэгэн эмнэлгийн сувилагчийн утсыг чагнаж, тус эмнэлэгт Хойд Солонгосын шархадсан 220 орчим цэрэг байгааг олж мэджээ. Тагнуулчид уг эмнэлэгт ажилладаг сувилагчийн нөхөртэйгөө ярьсан яриаг чагнасан гэдгээ илэн далангүй мэдээлсэн байна. Сувилагч бүсгүй Украины Харьков мужид байлдаж яваа нөхөртэйгөө утсаар ярьж, өөрийнх нь ажиллаж буй эмнэлэгт хүргэгдэн ирсэн Хойд Солонгосын цэргүүдийн талаар, мөн ажлынхаа нөхцөл байдлын талаар өгүүлжээ. Тэрбээр “Курскээс галт тэргээр ирсэн шархтай солонгос цэргүүдийг манай эмнэлэгт байрлуулсан. Тэднийг хүлээж авахын тулд эмнэлгээ хоосолж бэлдэх хэрэгтэй боллоо” гээд цаашаа ихэд дургүйцсэн өнгө аясаар “Эд нар ямар элитүүд юм уу? Яагаад энэ цэргүүдэд давуу эрх олгож байгаа юм бэ? Өчигдөр 100 цэрэг, өнөөдөр 120 ирсэн” гэжээ. Яриаг хэсэгчлэн сийрүүлбэл:
Сувилагч: Тэдний хэлийг ч ойлгохгүй, хаана нь юу өвдөөд байгааг ч мэдэхгүй байна. Тэд орос хэл мэдэхгүй, бүгд адилхан царайтай. Ёолж орилвол л өвдөж байгаа юм байна гэж ойлгох юм. Эд ер нь юугаараа давуу эрх эдлэх ёстой юм бэ?
Нөхөр: Гадаад улсын цэргүүд болоод л тэр байх.
Сувилагч: Тэдний гадаад хүн байх нь ямар хамаатай юм бэ? Хооронд нь ч ялгах арга алга. Духан дээр нь тэмдэг тавилтай биш.
Нөхөр: Хувцасных нь өнгөөр ялгаж болох юм биш үү?
Сувилагч: Эд нар бүгд ижилхэн хөх өнгийн хувцастай. Харин бугуйндаа дугаартай. Амьтны хүрээлэнгээс өөрц алга. Бувтнаад л байна, юу гээд байгаа нь бүү мэд. Сонссоор байгаад галзуурлаа. Өчигдөр 100 хүн, өнөөдөр 120 хүн, дахиад хэзээ, хэдэн хүн ирэхийг бүү мэд.
Сувилагч улмаар Хойд Солонгосын цэргүүдийг англиар ганц ч үг мэддэггүй болохыг дурдаад Өмнөд Солонгос нь АНУ-ын холбоотон учраас тэднийг англи хэл сурахыг хориглодог тухай ярьж, эцэст нь “Үнэхээр утгагүй юм” гэжээ. Түүнээс гадна Украины Үндэсний тагнуулын алба фронтод тулалдаж байгаа солонгос цэргүүдээс 100 орчим хүн амиа алдаж, 1000 гаруй хүн гэмтэж, шархадсан тухай мэдээлээд, Хойд Солонгосоос цаашид нэмэлт хүч ирэх эсэхийг анхааралтай ажиглаж буйгаа мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.