images

Нобелийн шагналт зохиолч Мө Янь хүүхдүүдийн эмчилгээнд 190 мянган доллар хандивлажээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-20


    Хятад, Хонконг, Макао, Тайванийн соёлын сан энэрэнгүй үйлстнүүдэд олгодог "Compassion Award" шагналаа өнгөрсөн сарын 28-нд Нобелийн шагналт, Хятадын зохиолч Мө Яньд хүртээсэн билээ. Тэгвэл Мө Янь шагналын 190 мянган доллароо зүрхний өвчин, аутизмтай хүүхдүүдийн эмчилгээнд зориулан хандивласнаа өчигдөр зарлалаа. Тэрбээр энэ тухайгаа хэлэхдээ “Шагнал авах тухайгаа сонсоод, энэ мөнгөөр ​​төрөлхийн зүрхний гажигтай 60 орчим хүүхдийг эмчилж болох юм байна гэсэн бодол төрсөн” гэжээ. Улмаар “Өвчинд шаналж буй хүүхдүүдийн зовлонг нимгэлэх нь миний хувьд нэр төрийн хэрэг. Хэчнээн их мөнгөтэй байсан ч хүний хэрэглээ хязгаартай, хэчнээн том байртай байсан ч унтах ор ганцхан” гэсэн байна. 1955 онд Хятадын Шаньдун мужид төрсөн тэрбээр "Улаан гаолян", "Мэлхий" зэрэг тууж, роман бичиж, 2004 онд Францын Соёлын яамнаас олгодог Урлаг, утга зохиолын одон (L'Ordre des Arts et des Lettres), 2012 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн юм. Мө Янь маш арвич хямгач, эгэл энгийн амьдардаг бөгөөд аливаа шагналынхаа мөнгөний ихэнхийг бусдын сайн сайхны төлөө зориулсаар иржээ. Нобелийн шагнал хүртсэнийхээ дараа тэрбээр 2014 онд төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийн эмчилгээнд зориулж нэг сая юань хандивласан бол дараа жил нь ижил төрлийн өвчтэй Төвөдийн хүүхдүүдэд 1.2 сая юанийн хандив өргөсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.