images

Биокомбинат: Мялзан өвчний вакцин үйлдвэрлэх хүчин чадал нэмэгджээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-20


   Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, "Дэлхийн банк"-тай хамтран мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх 385 мянган ам.долларын (LCP) төсөл хэрэгжүүлсэн билээ. Төслийн хүрээнд "Биокомбинат" ТӨХК-ийн 50 жилийн насжилттай тоног төхөөрөмжийг орчин үеийн лаборатори болгож шинэчилсэн юм. Тэгвэл үүний хэрэгжилт, үр дүнтэй танилцахаар өчигдөр салбарын сайд Ж.Энхбаяр Биокомбинатад ажиллажээ. Энэ үеэр үйлдвэрт вакцин үйлдвэрлэх уламжлалт технологийг халж, дэвшилтэт "cell line" технологид шилжүүлсэн гэдгийг холбогдох албаныхан танилцуулсан байна. Шинэ технологийг үйлдвэрт нэвтрүүлснээр түүхий эдийн хараат байдлаас бүрэн ангижирснаас гадна мэргэжилтнүүдийнхээ чадавхыг нэмэгдүүлжээ. Энэ нь гадаад улсаас өндөр үнээр импортолдог бог малын мялзан болон үхрийн арьс товруутах өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэж, оношилгооны лаборатори бүрэн чадавхжсан гэсэн үг юм. Мөн тус компани гурван тэрбум, 490 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, шингэн вакцин савладаг тоног төхөөрөмжөө автоматжуулжээ. "Дэлхийн банк"-ны төсөл бүрэн хэрэгжиж дууссанаар үйлдвэрлэлийн хүчин чадал одоогийнхоос 50-60 гаруй хувиар нэмэгдэж, үйл ажиллагаа, дэд бүтцийн зардал 10-30 орчим хувиар буурах ажээ. "Биокомбинат" ТӨХК одоогоор мал эмнэлгийн зориулалтаар 40 гаруй нэр төрлийн вакцин, оношлуур, бэлдмэл, жилдээ 50 сая тун био бэлдмэл үйлдвэрлэж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.