Украины тусгай хүчнийхэн Хойд Солонгосын цэргүүдэд ямар “бэлэг” барив?
Анд нөхдийн мэдээ
2024-12-19
Украины тусгай хүчнийхэн (SSO) Оросын талд байлдаж буй Хойд Солонгосын цэргүүдийг хэдэн арваар нь дроноор устгаж буй бичлэгээ цахим орчинд нийтэлсэн байна. Ингэхдээ дроны буугаа Санта Клаус зэрэг Зул сарын баярын чимэглэлээр чимэглэсэн байв. Энэ тухай дэлхийн хэвлэлүүд бичихдээ Орос, Хойд Солонгосын цэргүүд рүү хийж буй Украины армийн сэтгэлзүйн довтолгоо хэмээн дүгнэж байна. Өнөөдөр SSO “Telegram” цахим сүлжээнд "Манай тусгай хүчний 8 дугаар ангийн дайчид Курск мужид зочлон ирсэн Хойд Солонгосын цэргүүдийг "халуун дотноор угтан авлаа” хэмээгээд дүрс бичлэг нийтэлжээ. Бичлэгт Санта, Рудольф, од, оцон шувуу хэлбэртэй хүүхэлдэйгээр чимэглэсэн дрон Хойд Солонгосын цэргүүдийг толгой дараалан устгаж буй дүр зургийг буулгасан байв. Энэ тухай Их Британийн “The Sun” сонин “Украины арми В.Путины илгээсэн цэргүүдэд Зул сарын бэлэг барьж буйгаа хошин байдлаар илэрхийлэв” гээд, тусгай хүчний "Халуун дотно угталт” гэсэн хэллэгийг онцолжээ. Тэгвэл Их Британийн Оксфордын их сургуулийн “Ройтерс” хүрээлэн “Хошигнол бол худал мэдээлэлтэй тэмцэх стратегийн хэрэгсэл” хэмээгээд “Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Украин улс хошин шог, егөөдөл зэргийг нэг төрлийн зэвсэг болгон оновчтой ашиглах болсон” гэв. Энэ нь харгис хэрцгий үйлдлийг дүрслэхээс илүүтэйгээр инээдэм, хошигнол оруулж хүч нэмсэн дүрс бичлэгүүд түгээх замаар олон нийтийн сүлжээнд илүү их дэмжлэг авч буйг өгүүлсэн хэрэг юм. Украины нэгэн сэтгүүлч тус сонинд мэдээлэхдээ “Ерөнхийлөгч В.Зеленский гаргууд сайн хөтлөгч байсан. Украины Засгийн газар болон армийнхан видео контентийг хошигнолоор чимэн стратегийн зэвсэг болгон ашиглаж байгаа нь үүнтэй бас холбоотой” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.