Хятад: Хэтэрхий үрэлгэн хуримын ёслолоос татгалзахыг уриалав
Анд нөхдийн мэдээ
2024-12-18
Хятадад гэрлэлт, төрөлт буурч байгаа энэ үед эрх баригчид хэтэрхий өндөр өртөг, зарлагатай хурим хийхийг шүүмжилж, хагас кг гахайн махаар бэлэг барьдаг хөдөө зэлүүд нутгийн заншлыг онцлон сайшаасан байна. Тухайлбал англи хэлээр хэвлэгддэг "Global Times" сонин Хунань мужийн хөдөө зэлүүд Лунся тосгоны иргэдийн зан заншил сүүлийн үед олны анхаарлыг татаж байгааг онцлон "Энэ нутгийн хүмүүс хурим болон оршуулгын ёслолын үед ердөө 500 гр гахайн махны үнээр бэлэг барьдаг” гэжээ. Улмаар "Энэ уламжлал нь материаллаг баялгаас илүү хүн хоорондын харилцаа, сэтгэлийн нандин чанарыг эрхэмлэдэг хөдөөгийн энгийн хэрнээ найрсаг сайхан соёлыг харуулж байна" хэмээн тайлбарласан байна. Нутгийн иргэдийн хэлснээр тухайн өдөр зах дээр хагас кг гахайн мах ямар үнэтэй байна, түүнтэй тэнцэх мөнгө өгдөг ажээ. Одоогоор Лунсяд 100 гр гахайн мах 10-12 юань байгаа аж. Мөн “Hunan Daily” сонин "Хятадын ард түмэн эрт дээр үеэс энгийн даруухан бэлэг солилцдог заншилтай байсан ч эдийн засгийн хөгжил, нийгмийн чиг хандлага өөрчлөгдсөний улмаас зарим нутгийн хуримын ёслол хэтэрхий үрэлгэн болсон. Энэ мэт тансаг дайллага, нүсэр ёслолууд нь зөвхөн ачаа дарамт, зовлон зүдгүүр авчрахаас гадна хуримын мөн чанарыг гажуудуулдаг" гэжээ. Тус улсад энэ оны эхний хагасын байдлаар гэрлэлтийн бүртгэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12,7 хувь буурсан нь 2013 оноос хойшх хамгийн бага үзүүлэлт юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.