images

Япон: Мүраками Харүки Васеда их сургуулийн хүндэт доктор болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-18


   Сүүлийн жилүүдэд Нобелийн утга зохиолын шагналд нэр нь байнга яригдсаар ирсэн Японы зохиолч Мүраками Харүки төрөлх Васеда их сургуулийнхаа хүндэт докторын зэргийг хүртэв. “Тhe Yomiuri Shimbun” сонины мэдээлснээр, тэрбээр өчигдөр тус сургуульд болсон хүндэт докторын зэрэг олгох ёслолд оролцож, сургуулийн захирал Айжи Танакагаас гэрчилгээгээ гардан авсан байна. Тус их сургууль зохиолч хүнд анх удаа хүндэт докторын зэрэг олгож байгааг дээрх сонин онцолжээ. Мүраками Харүки 1968 онд Васеда их сургуулийн утга зохиолын ангид элсэн орж, театрын чиглэлээр мэргэжил эзэмшсэн бөгөөд оюутан ахуйдаа жааз хөгжимтэй кафе ажиллуулж байсан байна. Хүндэт докторын гэрчилгээ гардан авахдаа тэрбээр "Би их баярлаж байна. Гэхдээ бас сонин юм. Би үнэндээ бол хичээлдээ суудаггүй, сурлагаар ч тийм сүрхий оюутан байгаагүй. Тиймээс ийм хүндэтгэл хүлээх ёстой эсэхдээ эргэлзэж байна” гэжээ. Улмаар “Ийм нөхөрт хүндэт докторын зэрэг олгож байгаа гэж бодохоор энэ их сонин сургууль” хэмээн хошигносон гэнэ. Эцэст нь өөр их сургуулиудаас хүндэт докторын зэрэг олгох санал зургаан удаа ирж байсныг дурдаад, тэр бүгдээс татгалзаж ирснээ дурсаж, харин төрөлх сургуулийнхаа хүндэт доктор болж байгаадаа чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлжээ. Мөн “Васеда их сургуульд суралцаагүй бол би зохиолч болж чадах байсандаа заримдаа эргэлздэг” гэж ярьсан байна. 2021 онд тус сургууль М.Харүкигийн хандивласан болон хадгалуулсан сан хөмрөгөөр уран зохиолын танхим байгуулсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.