images

Тайланд улс Монголд жимс, далайн гаралтай бүтээгдэхүүн худалдах сонирхолтой байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-18


   Тайландын худалдааны сайд Пичай Нарипфан энэ даваа гарагт Монгол улсаас Тайландад суугаа Элчин сайд А.Төмөрийг хүлээн авч уулзжээ. Тайландын "The Nation" сайтад мэдээлснээр, тэд хоёр улсын гадаад худалдааг дорвитой нэмэгдүүлэх талаар болон бусад хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. Хоёр тал 2027 он гэхэд худалдааны хэмжээг 100 сая ам.доллар буюу ойролцоогоор 3.413 тэрбум бат хүргэх зорилт тавьсан бөгөөд ирэх оны эхээр Бангкокт худалдааны хорооны хурлыг зохион байгуулахаар болжээ. Хурлаар 2027 он гэхэд хоёр талын харилцан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг хэлэлцэх аж. Мөн Худалдааны сайд Тайландаас юуны түрүүнд жимс, далайн гаралтай бүтээгдэхүүн Монголд экспортлох сонирхолтой байгаагаа, цаашлаад лаазалсан болон боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээ Монголын зах зээлд нийлүүлэх бололцоотой болохоо онцолжээ. Уулзалтын төгсгөлд Элчин сайд А.Төмөрөөр дамжуулан Монголын бизнес эрхлэгчдийг ирэх онд Худалдааны яамнаас зохион байгуулах үзэсгэлэн худалдаанд оролцохыг урьсан байна. Тус улсад  ирэх оны тавдугаар сард “THAIFEX-ANUGA Asia”, 2025 оны хоёр, есдүгээр сард “Bangkok Gems & Jewellery fair” үзэсгэлэнгүүд болох юм. Дашрамд дурдахад, өнгөрсөн онд Тайланд, Монголын гадаад худалдаа 88 сая ам.долларт хүрч, Тайландаас Монгол улсад 21 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна. Экспортын гол бүтээгдэхүүнд цаас, цаасан бүтээгдэхүүн, ундаа, тээврийн хэрэгсэл болон автомашины эд анги, элсэн чихэр байжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.