Хятад улс төрөлтийг зүйл бүрээр дэмжиж байна
Анд нөхдийн мэдээ
2024-12-18
Хүн амын хурдацтай өсөлтөд хариу арга хэмжээ авахын тулд Хятад улс 1978 онд “Нэг айл, нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлж, хоёроос дээш хүүхэд төрүүлбэл торгууль ногдуулдаг байсан билээ. Харин шинэ зуунд хүн амын өсөлт аажмаар буурах болсноор энэ бодлогоо эргэн харж, 2016 онд хоёр хүүхдийн бодлого, 2021 оноос гурван хүүхэд төрүүлэхийг уриалж дэмжсэн бодлого хэрэгжүүлж эхэлсэн юм. Харин сүүлийн үед хүүхэд төрүүлэх насны залуу эмэгтэйчүүд рүү төрийн байгууллагаас утасдаж, сарын тэмдгийн мөчлөг болон жирэмсний төлөвлөгөөнийх нь талаар асуух болсон талаар Их Британийн “The Economist” сэтгүүл мэдээлжээ. Тухайлбал, Бээжин хотын Ми Юн дүүрэг энэ жил 500 хүний бүрэлдэхүүнтэй тусгай баг байгуулж, хүүхэд төрүүлэх залуустай тогтмол харилцан, жирэмслэхийг уриалах болсон байна. Улмаар төр засгийн зүгээс төрөлтийг дэмжих өргөн цар хүрээтэй бодлого зарлаж, хүүхэд төрүүлсэн гэр бүлд татварын хөнгөлөлт, амаржсаны дараах болон хүүхэд асрах чөлөөний хугацааг сунгах, орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэргээр тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байна. Боловсролын яамнаас дунд сургуулийн сурах бичгийн нүүрэн дээр ганц хүүхэдтэй айлын зураг байсныг жирэмсэн эмэгтэй нөхөр хүүхдийн хамт сууж буй зургаар сольжээ. Улмаар “Гурван хүүхэд аз жаргалтай амьдрал авчирдаг” гэх мэт уриа лоозон нийтэлж, аз жаргалтай, өнөр өтгөн гэр бүлийг дүрсэлсэн урлагийн бүтээлүүд ч олшрох болсон байна. Түүгээр ч үл барам Үндэсний эрүүл мэндийн газрын харъяа эрүүл мэндийн сэтгүүлд хүүхэд төрүүлэх нь эхийн оюун ухааныг улам сайжруулж, хорт хавдраар өвчлөх эрсдэлийг эрс бууруулдаг тухай нийтлэл хүртэл гарчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.