2024 онд дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн таван амьтан юу байв?
Анд нөхдийн мэдээ
2024-12-17
Улс төрийн сонгууль болон дайн дажны нүргээн дунд 2024 он улирч байна. БНСУ-ын “Chosun Ilbo” мэдээллийн агентлаг энэ жил хүн төрөлхтний үйл хөдлөл, адал явдлаас гадна хүний сэтгэлийг хөдөлгөж дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн таван амьтныг шалгаруулсан байна.
Крипто валютын бэлгэдэл болсон нохой
Өнгөрсөн тавдугаар сард Японы Чиба мужийн нэгэн жижиг тосгонд олон зуун хүн цугларч, Шиба Ину үүлдрийн Габос нэртэй нохойн дурсгалыг хүндэтгэв. 18 жил буюу нохойн насаар харьцангуй урт наслаад хорвоог орхисон энэ нохойг ийн хүндэтгэх болсон шалтгаан “Dogecoin” крипто валютын бэлгэдэл болсонтой нь холбоотой юм. Эзэндээ хаягдсан нохойг сайхан сэтгэлтэй хүн асарч аваад гэрэл зургийг нь блогтоо оруулсан нь Габосыг ийм алдарт хүрэхийн эхлэл болжээ. Тэрбумтан Илон Маск “Dogecoin”-ыг гүйлгээнд амжилттай гаргахдаа Габосыг крипто валютынхаа бэлгэдэл болгосон бөгөөд нохойн эзэн ч үүнээс асар их ашиг хүртсэн төдийгүй олсон мөнгөнөөсөө Өмнөд Судан улсад сургууль байгуулах үйлсэд хандивласан юм. Эзэндээ гологдсон нохой ийнхүү 2024 оны хамгийн алдартай амьтан болсныг "Chosun Ilbo” агентлаг онцолжээ.
Оросын тагнуулч далайн хав
“Вальдимир” нэртэй далайн хав 2024 оны эхээр гэнэт олны анхааралд орсон хэдий ч өнгөрсөн есдүгээр сард үхсэн юм. Түүний нэрийн учир нь далайн хав гэсэн утга бүхий “Val” гэсэн норвеги хэлний үг болон Украиныг эзлэн түрэмгийлсэн Оросын ерөнхийлөгч Владимир Путиний нэрний хослол юм. 2019 онд Норвегийн наран шарлагын газраас, ОХУ-д үйлдвэрлэсэн камерын төхөөрөмж зүүсэн далайн хав олдсоныг Оросын Тэнгисийн цэргийн хүчний сургаж бэлтгэсэн тагнуулч далайн хав хэмээн сэжиглэх болжээ. Энэ нь яг батлагдаагүй ч өнгөрсөн онд олны анхаарлыг хамгийн их татсан амьтны нэг нь “Вальдимир” болсон юм.
Спрингфилдийн нохой, муур
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп өнгөрсөн есдүгээр сард телевизийн мэтгэлцээний үеэр "Хууль бус цагаачид америкчуудын тэжээсэн нохой, муурыг иддэг" гэж мэдэгдсэн билээ. Охайо мужийн Спрингфилд хотын нэгэн сууринд Хаити улсаас ирсэн цагаач иргэн муур барьж идсэн гэх үндэслэлгүй яриа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж, улмаар алдартай улс төрчийн амнаас хүртэл гарсан нь энэ байлаа. Үүнээс болж Д.Трампыг хариуцлагагүй мэдэгдэл хийсэн хэмээн олон нийт шүүмжилсэн ч тэрбээр цагаачдын эсрэг байр сууриа хатуу илэрхийлж явсаар сонгуульд ялалт байгуулж, Охайогийн нохой, муурнууд сонгуулийн ялалтад хамгийн их хувь нэмэр оруулсан гэгдэх болжээ.
Дипломатч хулсны баавгай
Хятад улс АНУ-д дипломат шугамаар бэлэглэсэн хоёр хулсны баавгай Вашингтон хотын Смитсоны амьтны хүрээлэнд хэдэн жил байгаад тэнд байх хугацаа нь 2023 онд дууссанаар эх орондоо эргэж иржээ. Харин энэ оны аравдугаар сард хятадууд Америкт дахин хос хулсны баавгай илгээсэн юм. Энэ мэдээг АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден анхлан зарлаж байв. Хятад улс үүнээс гадна Баруун Сан Диегогийн амьтны хүрээлэнд, мөн Испани, Австрали улсад хулсны баавгайг хосоор нь илгээсэн нь мөн л дипломат харилцаагаа сайжруулах зорилготой алхам байсан юм. Очсон орныхоо иргэдийн зүрх сэтгэлийг татаж чаддаг эдгээр хулсны баавгайн "дипломат ажиллагаа" цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна.
Нобелийн шагналын дэлгэц дээр гарсан цаасан тогоруу
Энэ жил Солонгос, Япон хоёр улсаас нэгэн зэрэг Нобелийн шагналтнууд төрсөн. 2024 оны Нобелийн энх тайвны шагнал хүртсэн "Японы атомын бөмбөгийн хохирогчдын нийгэмлэг” нь 1945 онд атомын бөмбөгт өртсөн хохирогчдын ар гэрийнхний үүсгэн байгуулсан цөмийн зэвсгийн эсрэг иргэдийн нэгдэл юм. Ослод Нобелийн шагналтныг зарлахад дэлгэцэн дээр хүн биш, тус байгууллагын бэлгэ тэмдэг болсон цаасан тогоруу гарч ирж байв. Энэ нь Хирошимагийн бөмбөгдөлтөд өртсөн охин эрүүл саруул болох итгэлээр 1000 ширхэг цаасан тогоруу хийж байсан түүхээс эхтэй билээ. Японд тогоруу шувуу нь урт наслахыг бэлгэддэг. Харин өнөө жил урт наслахын бэлгэдэл гэхээсээ илүү энх тайвны бэлгэдэл болсон нь энэ ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.