Швейцарт хуучны цөмийн хоргодох байруудыг шинэчилж байна
Анд нөхдийн мэдээ
2024-12-16
Украины дайнаас хойш Баруунй орнуудад цөмийн заналхийллийн түгшүүр нэмэгдсээр байгаа энэ үед Швейцар улс Хүйтэн дайны үед байгуулсан цөмийн аюулаас хоргодох зориулалттай байруудыг шинэчилж эхлээд байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр, хоргодох байруудын шинэчлэл, засварт 220 сая швейцар франк зарцуулахаар төлөвлөөд байгаа аж. Ойрын жилүүдэд зарим дүрэм журмыг шинэчилж, хуучин хоргодох байруудыг засаж шинэчилнэ хэмээн тус улсын Иргэний хамгаалалтын газрын дарга Луи-Анри Деларгэз мэдэгдээд "Энэ нь бид сүйрэлд бэлдэж байна гэсэн үг биш, харин хуучны хоргодох байрны сүлжээг хадгалж хамгаалан, зориулалтын дагуу ашиглах юм” гэжээ. Швейцар улс 1963 онд Иргэний хамгаалалтын хууль баталж, цөмийн довтолгооноос хамгаалах байрыг олноор байгуулсан бөгөөд 9 сая орчим оршин суугч багтах хэмжээний хоргодох байртай болсон түүхтэй.
Өнгөрсөн сард Германы Батлан хамгаалах яам онцгой байлдлын үед энгийн иргэд хоргодож болох байрны тоог нэмэгдүүлж, гар утасны аппликэйшнээр дамжуулан хамгийн ойр байрлах хамгаалах байрны байршлыг тогтоох боломжтой болсныг зарласан юм. Европын орнууд энэ мэтчилэн цөмийн хоргодох байрны асуудлыг хөндөх болсны шалтгаан нь, Орос улсыг Украины дараа НАТО-гийн гишүүн орнууд руу довтлох магадлалтай хэмээн үзэж байгаатай нь холбоотой ажээ. Орос улс 2030 оноос өмнө НАТО-гийн эсрэг дайралт хийх магадлалтай хэмээн Германы тагнуулын алба өнгөрсөн аравдугаар сард анхааруулсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.