Хятад: Багадаа хулгайлагдаад 24 жилийн дараа олдсон хүү аавынхаа өгсөн хөрөнгөөс татгалзжээ
Анд нөхдийн мэдээ
2024-12-16
Гурван сартай байхдаа хулгайлагдаад 24 жилийн дараа төрсөн эцэг, эхээ олсон 25 настай хятад залуу Чин Шуагийн тухай “South China Morning Post” сонин онцолжээ. Түүнийг 1999 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр дөнгөж гурван сартай байхад үл таних хүмүүс хулгайлсан гэх бөгөөд гэмт этгээдүүдийн талаар тодорхой мэдээлэлгүй байна. Хэд хэдэн барилгын компани удирддаг эцэг эх нь алга болсон хүүгээ эрэн хайхад өнөөг хүртэл нэг сая гаруй юань зарцуулсан бөгөөд уйгагүй эрсний эцэст өнгөрсөн оны 12 дугаар сард олж чаджээ. Тухайн үед энэ тухай мэдээг сонссон цахим хэрэглэгчид "Өнчин хүү шууд л баячуудын эгнээнд орлоо” хэмээн бичиж байв. Харин Чин Шуа саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа, аавынхаа санал болгосон гурван байр, машинаас татгалзсан гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр энэ шийдвэрээ тайларлахдаа “Гэнэт олдсон ийм их хөрөнгө надад сайн зүйл авчрахгүй юм шиг санагдсан” гэжээ. Улмаар “Тарчиг амьдралтай хүү гэнэт их хөрөнгийн эзэн болдог явдал кинонд л гардаг. Мөнгөтэй болмогцоо баруун солгойгүй цацаж эхэлдэг шүү дээ. Би ч бас тийм болчих юм шиг санагдсан” гэжээ. Харин хүнтэй гэрлээд ааваасаа ганц байр л авна гэдгээ хэлж, ажил төрлөө тууштай хийгээд явахад унаа машинтай болох хэцүү биш гэсэн аж. Өөрийнхөө тухай өгүүлсэн түүний бичлэгийг цахим орчинд 20 сая гаруй хүн үзсэнээр зогсохгүй, Чин Шуа энэ хандалтаараа 50 сая юань олсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.