Хятад улс хувийн тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Анд нөхдийн мэдээ
2024-12-16
Хятад улс хоёр жилийн хугацаанд туршилтаар хэрэгжүүлсэн хувийн тэтгэврийн хөтөлбөрөө өнгөрөгч ням гараг буюу өчигдрөөс бүрэн хэрэгжүүлж эхэллээ. Хүн амын насжилтын асуудлыг шийдэх, олон тулгуурт тэтгэврийн тогтолцоо бүрдүүлэх зорилгоор энэ хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэх болсноо Хятадын Хүний нөөц, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Татварын ерөнхий газар өнгөрөгч пүрэв гарагт хамтран мэдэгдсэн юм. Өнгөрсөн хоёр жилд Бээжин, Тяньжин, Шанхай зэрэг 36 том хотод уг хөтөлбөрийг туршилтаар хэрэгжүүлэхэд 70 сая хүн хувийн тэтгэврийн данс нээлгэсэн байна. Шинэ бодлогын хүрээнд суурь тэтгэврийн даатгалын тогтолцоонд хамрагдсан хятад ажилчид арилжааны банкинд хувийн тэтгэврийн данс нээлгэн жилд 12000 юань хүртэлх хэмжээний мөнгө байршуулах боломжтой аж. Энэ мөнгөө сар тутам эсвэл, жилээр нь хувийн дансандаа байршуулж болох бөгөөд хөтөлбөрт хамрагдсанаар татварын хөнгөлөлт зэрэг урамшуулал эдлэх нөхцөлийг бүрдүүлжээ. Түүнчлэн дансан дахь мөнгөөрөө санхүүгийн бүтээгдэхүүн худалдан авч болох гэнэ. Хамгийн гол нь энэ хөтөлбөрт хамрагдсан иргэд тэтгэвэрт гарах, хөдөлмөрийн чадвараа алдах, гадаадад цагаачлах тохиолдолд хуримтлуулсан мөнгөө буцаан авах юм. Сонирхуулахад, өнгөрөгч гуравдугаар сард Хятадын суурь тэтгэврийн даатгалын тогтолцоо 1.07 тэрбум хүнийг хамарч байгаагаараа дэлхийн хамгийн том тэтгэврийн тогтолцоо болжээ.
Гэрэл зургийг "South China Morning Post" сониноос.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.