Монгол, Узбекистаны хооронд зам тээврийн коридор байгуулна
Чихэнд чимэгтэй
2024-12-16
Монгол улсаас Узбекистанд суугаа Элчин сайд Д.Батбаатар тус улсын Тээврийн сайд Илком Махкамовтой өнгөрөгч долоо хоногийн эцсээр уулзаж хэлэлцээ хийлээ. Тэд тээвэр, ложистикийн салбарт хоёр орны хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал бодлоо солилцож, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа нотолжээ. Тухайлбал, Улаанбаатар-Ташкентийн чиглэлд шууд нислэгтэй болох, тээврийн шинэ коридор байгуулах талаар ярилцсан байна. Улмаар ирэх оны нэгдүгээр сард хоёр талын зам тээврийн хамтарсан комиссын анхны уулзалтыг хийхээр тогтов. Энэ хамтын ажиллагааны эхлэл өнгөрөгч зургаадугаар сарын 23-26-ны өдрүүдэд Узбекистаны ерөнхийлөгчийн урилгаар ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсад айлчлахад тавигдсан юм. Айлчлалын үеэр Монголоос Узбекистанд болон тус улсаар дамжуулан Төв Азийн бусад оронд ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон билээ. Мөн Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан юм. Ингэснээр хоёр орны хооронд болон нутаг дэвсгэрээрээ дамжуулан гуравдагч улстай хийх худалдаа, тээвэрлэлтэд учирч байсан саад бэрхшээлийг арилгах эрх зүйн боломж нээгдсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.