images

Хятад: Робот цагдаа үүрэг гүйцэтгэж эхэллээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-12


   Хятадын Жэжян мужийн Вэньжөү хотын гудамжинд бөмбөг хэлбэртэй, өнхөрч явдаг робот цагдаа үүрэг гүйцэтгэж эхэлсэн тухай тус улсын “ Sina News агентлаг мэдээлэв. Дүрэмт хувцастай цагдаагийн дөрвөн албан хаагч бөмбөг хэлбэрийн робот цагдаатай хамт гудамжинд эргүүл хийж яваа дүрс бичлэгийг цахим орчинд нийтэлсэн байна. Цагдаагийн албан тушаалтан орон нутгийн хэвлэлд ярихдаа "Энэ робот цагдаа бол ойрын зайнаас аюулд хариу үйлдэл үзүүлэх чадвартай төхөөрөмж. Хэрхэн ашиглахаас хамааран үйлдэл нь уян хатан байдлаар өөрчлөгдөж болно" хэмээн тайлбарлажээ. Уг робот дотроо олон үйлдэлтэй мэдрэгч камер суурилуулсан, баруун, зүүн талдаа буу, нулимс асгаруулагч хий зэрэг цагдаагийн хэрэгслээр тоноглогдсон аж. Одоогоор туршилтын журмаар ашиглаж буй уг робот газар дээр ч, усан дотор ч саадгүй ажиллана. Мөн цагт 35 километрийн хурдтай явах бөгөөд 4 тонн хүртэл хүчтэй цохилтыг тэсвэрлэнэ. Улмаар эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтэн, сэжигтнийг царай таних өгөгдлөөрөө илрүүлж чадах энэ робот нь Хятадын робот үйлдвэрлэгч "Logon Technology" компанийн үйлдвэрлэсэн RT-G загвар юм. Хятадад роботыг зөвхөн цагдаад төдийгүй нисэх онгоцны буудалд ажиллуулж, өдөр тутмын аюулгүй байдал, хяналт шалгалт, гал түймэр, ослын аврах ажиллагаанд өргөнөөр ашиглаж эхлээд байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.