images

Газар дундын тэнгист осолдсон усан онгоцноос 11 настай охин амьд үлджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-12


   Газар дундын тэнгист цагаачдыг тээвэрлэж явсан хөлөг онгоц осолдож Сьерра-Леоне улсын иргэн, 11 настай охин ганцаараа амьд гарчээ. Италийн ANSA агентлагийн мэдээлснээр, Газар дундын тэнгист үйл ажиллагаа явуулдаг Германы “Compass Collective” байгууллагын хөлөг онгоц өчигдөр 3 цаг 20 минутын орчимд хөвүүр хоолой дээр суун далайн усанд явж байсан Ясмин охиныг  олж аварсан байна. Охин аврах хантаазтай, хийлсэн хоёр ширхэг хөвүүр хоолой дээр суун хөвж явсан бөгөөд ойролцоо өнгөрч явсан хөлөг онгоцны зүг аврал эрэн хашгирахад хөлгийн ахмад олж хараад даруй очиж авран эмнэлэгт хүргэсэн байна. Англиар ярьсан Ясмин охины мэдүүлэг үнэхээр цочирдмоор байжээ. Түүний сууж явсан 45 хүнтэй хөлөг онгоц 4-5 хоногийн өмнө Хойд Африкийн Тунис улсын Сфакс хотоос хөдлөн явж байгаад гурав хоногийн өмнө далайн шуурганд цохигдон живсэн байна. Түүний ойролцоо өөр хоёр хүн амьд үлдэн хөвж яваа харагдсан ч удалгүй живсэн гэж охин мэдүүлжээ. Гурав хоног далайд хөвж явахдаа охин юу ч идэж уугаагүй тул бие нь маш ихээр сульдсан, харин ухаан санаа нь саруул, ойр орчноо сайн мэдэрч байсан тухай түүнийг аварсан хүмүүс ярив. Италийн эргийн хамгаалалт болон цагдаагийн алба осол болсон газар эрэн хайх ажиллагаа явуулж байгаа ч одоогоор өөр хүн амьд үлдсэн гэх найдвар байхгүй байна. Сүүлийн үед Ливи, Тунисын эрэг орчмоор цагаачид болон дүрвэгсдийг тээвэрлэсэн олон онгоц ихээхэн эрсдэл туулж Газар дундын тэнгисийг гаталсаар байгаа аж. Зөвхөн урд шөнө гэхэд нийтдээ 508 цагаач суулгасан найман онгоцыг илрүүлжээ. Амьдрал хайж Европыг зорих цагаачдын тоо нэмэгдэхийн хэрээр Газар дундын тэнгис аажмаар "Үхлийн тэнгис" гэгддэг болж байна. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээлснээр, энэ жил Газар дундын тэнгисийг гатлан Өмнөд Европт 175 мянга орчим дүрвэгч ирсэн бөгөөд зарим хөлөг осолдсоны улмаас 2000 гаруй хүн амиа алджээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.