40 гарсан хойноо салсан хос 50 жилийн дараа дахин гэрлэжээ
Чихэнд чимэгтэй
2024-12-12
АНУ-ын хоёр өндөр настан анх гэрлээд салснаасаа хойш 50 жилийн дараа дахин гэрлэсэн талаар “Associated Press” агентлаг мэдээллээ. Фэй Гэйбл, Роберт Вэнрих нар 1940-өөд оны сүүлээр танилцсан бөгөөд Роберт нь Фэйн төрсөн ах нартай дотно найзууд байжээ. Хоёр залуу 1951 оны 11 дүгээр сард гэрлэж улмаар дөрвөн хүүхэд төрүүлсэн байна. Гэвч эхнэр, нөхөр хоёр 1975 онд гэр бүлээ цуцлуулжээ. Удалгүй дор дороо гэр бүлтэй болж, шинээр зохиосон амьдрал нь олон жил үргэлжилсэн байна. Энэ хугацаанд тэд хоорондоо сайн харилцаатай байж, эхний амьдралтайгаа холбоотой баяр ёслолуудад хамтдаа очдог байжээ. Гэвч хэн хэнийх нь хань насны эрхээр таалал төгсөж, нэг мэдэхэд хоёул бэлбэсэрсэн байв. Ингээд дахин гэрлэх тухай саяхнаас ярилцсаар санаа нийлж 94 настай Вэнрих 89 настай анхны эхнэртээ гэрлэх санал тавьсан байна. Тэдний дөрвөн хүүхэд үржсээр энэ хооронд ач нар нь 14, гуч нар нь мөн төдий тоонд хүрээд байжээ. Пэнсильвани мужийн Дэнвэр хотод болсон хуриманд нь үр хүүхэд, ач гуч нар нь бүгд ирсэн гэнэ. “Аав ээж хоёр маань нэг нэгэндээ сайн болсон өсвөр насны хүүхдүүд шиг л байдаг. Гэрт ч, гадаа ч бие биенээсээ огт салдаггүй” гэж тэдний бага охин Кэрол Смит “Associated Press” агентлагийн сурвалжлагчид ярьжээ. “Ээж чинь миний анхны хайр байсан. Анхны хайраа эргүүлж олж авна гэж зүүдэлсэн ч үгүй явлаа. Одоо нэгэнт олж авсан хойно цаг дэмий үрэхгүй” гэж аав надад хэлсэн” хэмээн тэрбээр мөн сурвалжлагчид ярьсан байна. Харин Вэнрих өөрөө “Бидний амьдралын ирээдүйд бүх юм санаснаар сэтгэлчлэн бүтнэ гэдэгт эргэлзэх юм алга” хэмээн хэлснийг “Associated Press” агентлаг уламжилжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.