images

Дуучин Тэйлор Свифт аялан тоглолтоосоо хэр их мөнгө олсон бэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-11


   Поп дуучин Тэйлор Свифтийн сүүлийн хоёр жил хийсэн тоглолтоосоо олсон ашиг хоёр тэрбум гаруй доллар болсон тухай “New York Times” сонин мэдээлэв. Өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн Хойд Америк болон дэлхийн бусад орнуудад 21 сарын хугацаанд зохион байгуулсан “Eras Tour” тоглолтыг 10 сая гаруй хүн үзэж сонирхсон бөгөөд энэ тоон дээр үндэслэн нэг суудлын тасалбарын үнийг ойролцоогоор 204 доллар хэмээн шинжээчид тогтоосон байна. Аялан тоглолтын үеэр хамгийн олон үзэгчтэй тоглолт хоёрдугаар сарын 16-нд Австралийн Мельбурн хотод болсон бөгөөд 96 мянга гаруй хүн үзжээ. Мөн Английн Лондон хотын цэнгэлдэх хүрээлэнд болсон найман өдрийн тоглолтыг нийт 753 мянган хүн үзсэн гэсэн тооцоо гарсан бөгөөд энэ нь АНУ-ын Сиэтл хотын хүн амтай тэнцэнэ. Түүнчлэн концертын танхимд худалдсан хувцас, бэлэг дурсгалын зүйлсийн борлуулалтын орлогыг тооцвол нийт орлого нь үүнээс хамаагүй өндөр байх юм. Зөвхөн өнгөрсөн сард худалдаанд гарсан 256 хуудас бүхий концертын гэрэл зургийн цомог худалдаанд гарсан эхний хоёр өдрөө 814 мянган хувь борлогджээ. Түүнээс гадна "Eras Tour" аялан тоглолтод оролцож ажилласан бүх хүнд Т.Свифтийн олгосон урамшуулал ойролцоогоор 197 сая доллар болсон тухай "People" сэтгүүл мэдээлжээ. Үүнд ачааны машины жолоочоос эхлээд тогооч, багажийн техникч, бүтээгдэхүүний борлуулалтын баг, гэрэлтүүлэг, дуу авианы ажилтан, мужаан, бүжигчин, хамгаалалтын ажилтан, бүжиг дэглээч, үсчин, хувцасны эрхлэгч, эмч, зургийн багийнхан гэх мэт ажил мэргэжлийн хүмүүс багтана. Тэрбээр өнгөрсөн 12 хоёрдугаар сард Time сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, тоглолтынхоо бэлтгэлийн тухайд л гэхэд зургаан сарын турш гүйлтийн зам дээр бүх дуугаа эхнээс нь дуустал дуулсан гэж байв. Мөн тоглолтынхоо үеэр согтууруулах ундаа огт амсдаггүй, тоглолт бүрийн хооронд дасгал хөдөлгөөн хийн эрч хүчээ хадгалж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.