Хятад: Авлигын эсрэг кампанит ажил тосгонд хүртэл өрнөж байна
Анд нөхдийн мэдээ
2024-12-09
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигатай тэмцэх кампанит ажил цэрэг арми, санхүүгийн өндөр дээд албаны хүрээнээс хальж, засаг захиргааны хамгийн доод нэгж болох тосгонд хүртэл хийгдэж байгаа тухай “South China Morning Post” сонин мэдээлэв. Тус улсын хяналт шалгалтын дээд байгууллага болох Сахилгын хяналтын төв хороо олон арван мянган мөрдөн байцаагчийг 500 мянган хөдөө тосгонд илгээж, өргөн цар хүрээтэй шалгалт хийж байгаа ажээ. Хятадад энэ оны 1-3 дугаар улиралд хөдөө тосгоны 77 мянган хүн авлига, хээл хахуулийн хэргээр шийтгэл хүлээсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 70 хувиар өссөн байна. Сахилгын хяналтын төв хорооны нарийн бичгийн дарга Ли Ши "Намаа хүчирхэгжүүлэхийн тулд өдөр тутмын амьдралд ойр байдаг авлига, хууль бус үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй" гэж онцолсон байна. “Хүн хоорондын харилцааг чухалчилдаг Хятадын нийгэмд хүмүүс танилын хүрээгээрээ ихэд холбогддог тул дээд шатны байгууллагаас доод шатны нэгж рүү мөрдөгчид илгээж ажиллуулах нь хэргийг илрүүлэхэд үр дүнтэй байх болно” гэж хөдөө тосгоны албан хаагч ярьжээ. Энэхүү ажиллагааг дэмжиж, Хятадын Ардын дээд шүүх ард түмний амьжиргаанаас хумслан авлигын гэмт хэрэгт буруутгагдаж буй хэргийг олон нийтэд ил болгож, ийм төрлийн жижиг авлигыг "Интан ифу" буюу “Ялааны шунал, шоргоолжны авлига” гэж нэрлэсэн байна. Улмаар “People's Daily” сониноор дамжуулан нийтэд дэлгэсэн хэргүүдэд нийтийн түрээсийн орон сууц хариуцаж байсан албан тушаалтан, бага сургуулийн захирал, эмнэлгийн ажилтан, эрүүл мэндийн даатгалын албан тушаалтан зэрэг хүмүүс албан тушаалаа ашиглаж авлига авсан хэргүүд багтсан байна. Энэ тухайд Ардын дээд шүүх "Ард түмний амьжиргааны салбар дахь авлигын гэмт хэргийг шийтгэхдээ үл тэвчих зарчмыг баримтална. Харин гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо улсад тушаасан тохиолдолд л ялыг хөнгөрүүлнэ" гэж тайлбарласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.