Ираны Нобелийн шагналт эмэгтэй шоронгоос түр суллагдав
Анд нөхдийн мэдээ
2024-12-05
Ираны эрх баригчид Засгийн газрын эсрэг жагсаал хийсэн хэргээр ял эдэлж буй Нобелийн энх тайвны шагналт, тэмцэгч эмэгтэй Наргес Мохаммадийг түр сулласан байна. Энэ тухай түүний өмгөөлөгч цахим хуудсандаа “Тегераны прокурор Н.Мохаммадийн ялыг гурван долоо хоногоор түдгэлзүүлэх шийдвэр гаргаж, түүнийг шоронгоос суллахыг зөвшөөрсөн” гэж мэдээлжээ. Улмаар Н.Мохаммади саяхан хавдрын мэс засал хийлгэсэнтэй холбоотойгоор ийм шийдвэр гаргасан болохыг дурдаад "Азаар хавдар нь хоргүй, гэхдээ гурван сар тутамд үзлэг хийх шаардлагатай" гэсэн байна. Харин түүний ар гэрийнхэн болон дэмжигчид гурван долоо хоног ялыг түдгэлзүүлсэн нь хангалтгүй гэж үзэн “Түүнийг ямар ч болзолгүйгээр суллах, ядаж ялыг түдгэлзүүлэх хугацааг гурван сар хүртэл сунгах хэрэгтэй” гэсэн мэдэгдэл гаргасан тухай AFP агентлаг мэдээллээ. Н.Мохаммади бол Ираны эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч бөгөөд иран эмэгтэйчүүдийг дарангуйлахыг эсэргүүцэн, хүний эрх, эрх чөлөөний төлөөх тэмцлийг манлайлахад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн өнгөрсөн жил шоронд байхад нь Нобелийн энх тайвны шагнал олгосон юм. 2001 оноос хойш тэрбээр нийтдээ 13 удаа баривчлагдаж, удаа дараа шоронд хоригдож, суллагдсан бөгөөд саяхныг хүртэл Тегеран хотын шоронд хоригдож байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.