images

Италийн Засгийн газар нацист Германы аллагын хохирогсдод нөхөн төлбөр олгов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-05


   1944 онд нацист Германы цэргүүдийн хоморголон устгасан италичуудын үр удам 80 жилийн дараа анх удаа хохирлын нөхөн төлбөр авчээ. Энэ нь хохирогчдын үр хүүхдүүдийн олон арван жилийн тэмцлийн үр дүн бөгөөд Италийн Засгийн газар нацистуудын үйлдсэн гэмт хэргийн хохирогчдод хуулийн дагуу нөхөн төлбөр олгосон анхны тохиолдол болж байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр, Италийн Эдийн засаг, сангийн яам харгислалын хохирогч Метелло Ричаринийн үр хүүхдүүдэд 800 мянган евро олгосон бөгөөд тэдний өмгөөлөгч Роберто Албони нөхөн төлбөрийн мөнгөө Эдийн засаг, сангийн яамнаас бүрэн хүлээж авсан болохоо мэдэгджээ. 1943 оны есдүгээр сард Итали улс холбоотнуудтайгаа эвлэрлийн гэрээ байгуулсны дараа нацист Герман Италид цөмрөн орж, 1944 оны зургаадугаар сарын 29-нд Чивителла хотын 244 иргэнийг хоморголон устгасан юм. Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш 17 жилийн дараа буюу 1962 онд Германы Засгийн газар Италийн ард түмэнд  нацистуудын учруулсан хохирлыг барагдуулахаар 40 сая марк төлжээ. Итали улс энэ мөнгөөр ​​хохирогчдод нөхөн төлбөр олгох үүрэгтэй байсан ч биелүүлэлгүй явж ирсэн юм. Харин ерөнхий сайд Марио Драгигийн үед буюу 2022 онд хохирлыг нөхөн төлүүлэх 61 сая еврогийн сан байгуулжээ. 2016 онд Германы Засгийн газрын дэмжлэгтэйгээр хийсэн судалгаагаар, Дэлхийн II дайны үеэр нацистуудын гарт үрэгдсэн италичуудын тоо 22 мянга орчим, түүний дотор найман мянга гаруй еврей хүн байсан гэдэг тооцоо гарчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.