Өмнөд Солонгос: Хуванцар савны таглаагаар урласан бүтээлийн үзэсгэлэн гарна
Анд нөхдийн мэдээ
2024-12-03
Өмнөд Солонгосын Жэжү арлын Тогтвортой хөгжлийн төв дахин боловсруулах материалаар бүтээсэн урлагийн төрөл болох хуванцар савны таглаагаар урласан ханын зураг болон бусад бүтээлээр үзэсгэлэн гаргахаар болжээ. Жэжү хотын Байгалийн нөөцийг сэргээх төвийн байранд гаргах үзэсгэлэнд зөвхөн хаягдал хуванцар савны таглаагаар хийсэн бүтээлүүд тавигдах аж. Тодруулбал, 2024 онд тус хотын шашны байгууллага, сургууль, асрамжийн газар, байгаль орчны нийгэмлэг, аж ахуйн нэгж зэрэг 35 байгууллагын өрнүүлсэн хуванцар хаягдал ангилах аянаар цугласан 3650 кг таглаагаар урласан бүтээлийг олонд дэлгэж үзүүлнэ. Бага сургуулийн 100 гаруй хүүхэд, оршин суугчид болон уран бүтээлчид эдгээр таглаагаар далай, тэнгис, Жэжү арлын усчин бүсгүйчүүд, далайн гахай зэргийг дүрсэлжээ. Тус төвийн зохион байгуулагч "Хуванцар савны таг хэдхэн секундын дотор хаягдал болдог ч байгальд задрахад 500 жил шаардагддаг. Үүнийг хүмүүст ойлгуулах зорилгоор уг үзэсгэлэнг зохион байгуулж байна” гэжээ. Хүмүүс үзэсгэлэнг үзэхийн зэрэгцээ дахин боловсруулах, ангилах байгууламжтай танилцах аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.