images

Их Британи: Есөн настай хүүгийн чулуун тоглоом эртний ховор олдвор байжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-03


   Английн Баруун Сассексийн Шорхэм хотод амьдардаг 9 настай Бен хүү гурван жилийн өмнө далайн эрэгт тоглож байхдаа гарын алганы чинээ, өвөрмөц хэлбэртэй чулуу олж гэртээ авчран хадгалжээ. Усны дусал хэлбэртэй хавтгай чулуу нь нэг талдаа хурц үзүүртэй, хар хөх өнгөтэй байв. Өнгө зүс, хэлбэр дүрсээрээ сэтгэл татсан уг чулууг хүү хадгалаад гурван жил өнгөрсөн хойно музей үзэж явахдаа, чулуун зэвсгийн үеийн олдворууд өнөө чулуутай нь маш төстэй болохыг анзаарчээ. Улмаар хүү олсон сонин зүйлийнхээ талаар музейн ажилтанд ярьснаар тэд чулууг авч нарийвчлан шинжилж үзэхэд 40-60 мянган жилийн өмнө буюу палеолитын үед неандертальчуудын хэрэглэж байсан цахиур сүх болох нь тогтоогджээ. Музейн захиргаа “Энэ бол хосгүй нээлт. Сүүлийн 10 жилд олдсон ийм төрлийн олдворуудын дээд нь” гэж мэдэгдсэн байна. Бен хүү ч уг олдворыг музейд хандивлаж буйгаа хэлж "Би энэ чулуундаа дуртай боловч музейд байвал илүү дээр гэж бодсон" гэжээ. Бений ээж мөн хэлэхдээ "Музейн мэргэжилтнүүдэд чулууг үзүүлэхэд царай нь гэрэлтэхийг хараад, бусад хүмүүс ч гэсэн энэ баяр баясгаланг амсах ёстой гэж бодсон" гэсэн байна. Неандертальчууд бол 40 мянга орчим жилийн өмнө устаж үгүй ​​болсон гэх өөр төрлийн хүмүүс юм. Орчин үеийн хүний ​​генийн 4 хүртэлх хувь нь неандерталь хүнээс гаралтай байдаг тул тэдгээрийг Хомо сапиенсийн дэд зүйл гэж ангилах нь ч бий.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.